Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийнхан монгол бичгээ шамдан суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-04-19 14:39:23
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр хотын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 9г ангийн сурагчид 31-үүлээ “Хүмүүн бичиг” сонин захиалан уншиж байна.
Гурав дахь жилдээ монгол бичигт суралцаж буй эдгээр математикч хүүхдүүд ангиараа 2017 оны "Үндэсний өв соёлоо түгээгч, тээгч" монгол бичгийн улсын олимпиадад дэд байр эзэлж байв. Сурагчдын уншилтын хурд нэмэгдэж, дундаж уншилт 100-д хүрсэн бөгөөд бичгийн хэв жигдэрч, нэг хүн шиг бичдэг болж байгаа, энэ нь монгол хэл, бичгийн багш Т.Баярмаа байнга уншлага, давтлага явуулж байгаагийн үр дүн гэдгийг анги удирдсан багш Ц.Лхагвасүрэн хэллээ. Тус ангийнхан монгол бичиг уншилтаар уралдаан, олимпиадад амжилттай оролцож ирсэн бол цаашид бичлэгийн төрлөөр өсөх, өрсөлдөх хүсэлтэй байгаа аж.
Сурагчдын дунд Б.Бэрхшагай, Б.Даваасүрэн, Б.Насантогтох зэрэг тэргүүний суралцагч хүүхдүүд байна. Мөн тус ангийнхан бусад хичээлээрээ ч манлайлж, өнгөрсөн жил улсын олимпиадуудаас монгол хэлний хичээлээр 2 дугаар байр, физикийн хичээлээр 3 дугаар байранд тус тус шалгарч байжээ.
Б.Батчимэг
相关新闻