Гандболын дасгалжуулагчид олон улсын сертификат гардан авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-04-16 14:03:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд энэ сарын 9-15-нд гандболын дасгалжуулагч нарын олон улсын сургалт амжилттай болж, манай 40 дасгалжуулагч олон улсын сертификат гардан авлаа. 
Сургалтыг ОУОХ, Олон улсын гандболын холбоо /ОУГХ/, МҮОХ, Монголын гандболын холбооноос хамтран зохион байгуулжээ. Гандболын дасгалжуулагчдын онолын сургалтыг “МҮОХ”-ны хурлын танхимд, дадлага хичээлүүдийг “Футзалын ордон”, МУБИС-д тус тус явуулжээ.

Сургалтад Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Дорноговь аймгийн Сайншанд, Замын-үүд сум, Завхан, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Баянгол, Мандал сум болон нийслэлээс нийт 40 дасгалжуулагч оролцлоо. Сургалтыг ОУГХ-ны Сургалт, дасгалжуулалтын комиссын гишүүн, олимпийн зэрэглэлийн дасгалжуулагч, профессор, БНСУ-ын иргэн Хуюн Куин Чун, үндэсний эксперт, доктор Д.Жаргалсайхан нар удирдан явуулав.

Тэд гандболын спортын түүх, дүрэм, техник, тактикийн мэдлэг, арга зүй, хэрэглэл материал, стандарт, хүүхдийн болон элсний гандболын тухай, тамирчдын лиценз, тэмцээний шүүлт, бэлтгэл сургалтын үйл ажиллагааг удирдах, төлөвлөх, дасгалжуулагчийн үүрэг зэрэг сэдвээр лекц уншжээ. Мэдлэгээ баталгаажуулах дадлага хичээлийг дасгалжуулагч нараар 4 өдөр дараалан оруулж, дасгалаа давтуулах, тоглолт хийлгэх, шүүлгэх, дасгалжуулагч, албаны төлөөлөгчийн үүргийг хүлээлгэн ажиллуулсан байна. Мөн энэ үеэр оюутны 22 багийн эмэгтэй, эрэгтэй тамирчид оролцсон аварга шалгаруулах тэмцээн болж, тус тэмцээнд дасгалжуулагч нарт даалгавар өгч дүгнэлт хийлгэв.

ОУГХ-ноос ирүүлсэн болон сургагч багшийн авчирсан бөмбөг, дүрмийн ном, гарын авлага, CD, видео материалыг сургалтанд оролцогч бүрт өгсөн байна. Дасгалжуулагч нар шинэ дүрмийн өөрчлөлтийг сайтар судалж, ийнхүү оюутны аваргын тэмцээнээс эхлэн хэрэгжүүлж эхлэв.

Сургалтын шалгалт авч, ОУОХ-ны гэрчилгээ, ОУГХ-ны “С” зэрэглэлийн дасгалжуулагчийн үнэмлэхийг  хаалтын ажиллагаа ёслолын ажиллагааны үеэр МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, МГХ-ны ерөнхийлөгч, доктор Д.Жаргалсайхан, сургалтыг удирдсан БНСУ-ын дасгалжуулагч, профессор Хуюн Куин Чуннар дасгалжуулагч нар гардууллаа.

Монгол Улс анх удаагаа олон улсын гандболын зэрэглэлтэй 40 дасгалжуулагчтай боллоо. Профессор Хуюн Куин Чун-ыг МҮОХ-ноос өндрөөр үнэлэн, МҮОХ-ны “Олимпийн алдар” одонгоор шагнасан байна.

Д.Өлзий
相关新闻