Тав хүртэл жил ажиллаж буй багш нар хөтөлбөрт хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-04-14 17:31:40
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Нэгээс таван жил ажиллаж байгаа багш нарт зориулсан “Би залуу багш” гурван шатлалт сургалт хөтөлбөр Орхон аймагт хэрэгжиж байна. Тус аймаг 1750  багштай бөгөөд үүний 400  орчим нь нэгээс таван жил ажиллаж байна.
Олон улсад багшийн хөгжлийг тодорхойлохдоо туршлагажих үеийг нэг, мэргэжлийн хөгжлийн үеийг хоёроос гурав, мэргэжлийн өндөр ур чадвартай болох үеийг таваас дээш жил гэж үздэг байна. Үүний дагуу Боловсрол, Соёл, урлагийн газар, “Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг” хамтран өнгөрсөн оны сүүлээс дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж 100 багшийг хамруулсан байна. Сургалтын үр дүн, тайланг энэ сарын 26-нд хэлэлцэх гэнэ. Гурван үе шаттай сургалтын гол агуулгад багшийн ёс зүй, харилцаа, хандлага, сайн чанарыг төлөвшүүлэх, бүтээлч сэтгэлгээ, сэтгэн бодохуйг хөгжүүлэхэд чиглэжээ.
Хөтөлбөрт хамрагдагсдын 30 нь цэцэрлэг, 70 нь  ерөнхий боловсрол болон МСҮТ-ийн багш нар байна. 100 багш арав, арваар багт хуваагдаж тодорхой сэдвээр тайлангаа хамгаалах гэнэ. Шалгарсан багийг АЗДТГ, БСУГ, “Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг” хамтран урамшуулах ажээ.
Б.Оюун-Эрдэнэ

相关新闻