Отроос ирсэн малын 60 орчим хувь нь төллөөд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Өнгөрсөн намар отрын аянд гарч өвлийн гурван сарыг өнтэй давсан Завханы Их-Уул сумын малчид нутагтаа нүүдэллэж ирээд байна. Өнөөдрийн байдлаар тус сумын отроос буцаж ирсэн нийт малын 60 гаруй хувь нь төллөөд байна. Мал тарга тэвээрэг сайтай онд орсон тул эх мал жилбэ сайтай, төл бүрэн бойжиж байгаа гэж Их-Уул сумын ЗДТГ-аас мэдээллээ.
Их-Уул сумын оторчид Баянхонгор аймгийн Заг, Жаргалант, Гурванбулаг, Архангай аймгийн Чулуут, Хангай,Тариат, Цахир, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Түнэл, Чандмань-Өндөр сумын 131 цэгт 80 гаруй мянган малтайгаар өнөтөй өвөлжөөд иржээ. Мал тууварлах замд малын идэш тэжээл муу, мал, амьтны гоц халдварт өвчинтэй холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутагт өвөлжөөд ирсэн ч малчид гарз хохирол багатай өвлийг даван туулж хавартай золгосон байна. Отроос буцаж ирсэн малд үзлэг шинжилгээг хийж мөн малчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ. Тус сум нь малын халдварт өвчин гарсан Архангай аймгийн нутагтай хил залгаа ч малын өвчин гараагүй бүс нутаг хэвээрээ байна.
Б.Мягмарсүрэн