Экологийн олимпиадыг анх удаа зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Отгон сумын сургуулийн анхны захирал Ч.Нацагдоржийн нэрэмжит аймгийн экологийн олимпиадыг анх удаа зохион байгуулжээ. Олимпиадыг Бор хавцал ТББ, Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа, аймгийн БСУГазар, аймгийн Залуу Багш нарын Холбоо, БОАЖГазар, Хяргас нуур-Завхан гол сав газрын захиргаад хамтран зохион байгуулжээ.
Олимпиадад 9-12-р ангийн 72 сурагч, биологийн 27 багш оролцож өрсөлдсөн байна. Ийнхүү есдүгээр ангийн сурагчдын ангилалд Дэвшил сургуулийн 9-р ангийн сурагч Б.Баасанжаргал тэргүүлж Улиастай сумын дөрөвдүгээр сургуулийн 9-р ангийн сурагч Д.Пүрэвсүрэн, Тосонцэнгэл сумын ЕБС-ийн хоёрдугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч Г.Тэргэл нар удаалжээ. Харин 12-р ангийн сурагчдаас Улиастай сумын нэгдүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Мөнхбаатар тэргүүлж ЧЭЛС-ийн 12 дугаар ангийн сурагч Л.Дарьсүрэн, Сонгино сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч Б.Насанжаргал, Улиастай сумын гуравдугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Бямбажаргал нар удаалж мөнгөн шагналын эзэд болжээ. Түүнчлэн биологийн багш нараас Тэлмэн сумын сургуулийн Хими-Экологийн багш Н.Лхагважаргал бусдыгаа манлайлж Тосонцэнгэл сумын нэгдүгээр сургуулийн Хими-Экологийн багш П.Норжмаа, Түдэвтэй сумын ЕБС-ын Хими-Экологийн багш Д.Мөнхцэцэг, Эрдэнэхайрхан сумын ЕБС-ийн Хими-Экологийн багш М.Нийвэндавга нар удаалж мөнгөн шагнал хүртжээ.
Энэхүү олимпиадаар дамжуулан ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд экологийн боловсролыг олгох, байгаль орчин, экологийн сэдвээр бүтээл туурвих, цаашид үргэлжлүүлэн суралцах, байгаль орчныг хамгаалахад хүүхдүүдийг татан оролцуулж тэдэнд урам өгөх зорилготой юм. Учир нь байгаль орчин маань нүдэнд үзэгдэж харагдахуйцаар маш хурдтай өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлтийн үндсэн хэсэг нь хүний үйл ажиллагаанаас шалтгаалж, улмаар цөлжих, хөрс эвдэрч хуурайших, ургамлын бүтэц өөрчлөгдөх, гол горхи, нуур цөөрөм хатаж ширгэх, мөнх цас хайлах, ургамал, амьтны төрөл зүйл цөөрөх, байгалийн онц аюултай үзэгдэл ихсэх, ган зуд, гал түймэр нүүрлэх зэрэг олон хэлбэрээр илэрч байна. Тиймээс хүн бүр өөрийн экологийн ул мөр, амьдралынхаа чанарыг үнэлж, эх дэлхийдээ хир ээлтэй амьдарч буйгаа ухаарах цаг нэгэнт болсон. Энэ учраас хүүхдүүдэд багаас нь экологийн боловсрол олгох нь нэн чухал болоод байгаа юм хэмээн олимпиадыг зохион байгуулагчид хэллээ.
Отгон сумын сургуулийн 100 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан Ч.Нацагдоржийн агсны ач хүү, НҮБХХ-ийн “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төслийн Завхан аймаг дахь зохицуулагч, Экологи-байгаль хамгааллын биологич мэргэжилтэй А.Хүрэл-Эрдэнэ өвөг эцгийнхээ нэрэмжит болгон тус олимпиадыг ивээн тэтгэж явуулжээ. Цаашид энэхүү олимпиад жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт зохион байгуулагдахаар болсон байна.
Б.Мягмарсүрэн