Цагдаагийн газраас “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-04-09 21:02:44
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас өнөөдөр “Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа” уриан дор “Үргэлж тантай хамтдаа” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
Энэ үеэр Албан журмын даатгалын холбоодтой хамтран хүүхдийг гэнэтийн ослоос урдчилан сэргийлэх, гэнэтийн ослын даатгалд хамруулах болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын талаар иргэдэд мэдээлэл өгсөн юм.
Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон хугацаа нь дууссан 14 иргэний, жолооны хуучин үнэмлэх солих долоон иргэний хүсэлтийг хүлээн авсан ба Гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Зөрчлийн тухай хуулиудаар мэдээлэл зөвлөгөө өгч, замын хөдөлгөөнд соёлтой, зөрчил дутагдалгүй оролцдог, хуулиа хэрэгжүүлдэг жолооч нарыг урамшуулав.
Өдөрлөгийн төгсгөлд цагдаагийн алба хаагчдаас ая дууны мэндчилгээ дэвшүүлж, албадын онцлогийг харуулсан техник хэрэгслийн үзэсгэлэнг сонирхууллаа.
Б.Батчимэг
相关新闻