“Цэвэр, цэмцгэр-Цэцэрлэг хот” аяныг эхлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-04-06 16:23:05
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн төв Эрдэнэбулган сумын ЗДТГ-аас аймгийн БОАЖГ, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар зэрэг байгууллагуудтай хамтран Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд “Цэвэр, цэмцгэр-Цэцэрлэг хот” аяныг энэ сарын 10-нд эхлүүлэхээр өнөөдөр мэдээлэл хийлээ. “Хотын соёлыг иргэн бүрт төлөвшүүлье” уриатай эхэлж буй уг аян нь 5-р сарын 20 хүртэл үргэлжлэх юм.

Нийт 2.9 сая төгрөгийн шагналын сантай аяны хүрээнд “Тохижилт, соёлжилттой байгууллага”, “Соёлч өрх” шалгаруулах уралдаан, бүх нийтийн хог цэвэрлэгээ, сургалт, хэлэлцүүлэг зэрэг ажлууд хийгдэх юм байна.

Аяны хүрээнд байгууллагууд гаднах орчны гэрэлтүүлэг, камер, хогийн сав, ногоон байгууламж, хаяг, байшин барилгын фасад, хайсыг засч, өнгө үзэмжийг сайжруулах ажлуудыг хийнэ. Зорилго нь бүх байгууллага, аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, Цэцэрлэг хотынхоо өнгө үзэмжийг нэмэгдүүлж, ногоон байгууламжийг сайжруулахад аж ахуйн нэгж, иргэдийн нийгмийн хариуцлага, оролцоонд тулгуурлан хамтран ажиллах ажээ.

Эрдэнэбулган суманд төрийн болон ТББ 94, худалдаа үйлчилгээ эрхлэгч, хувиараа ААН 180 байдаг байна.
 
Б.Гэрэлт-Од
相关新闻