АРХАНГАЙ: Хангайн бүсийн эмч мэргэжилтнүүд 200 ширхэг шинэс тарилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Хангайн бүсийн аймгуудын сумын эмч, мэргэжилтнүүдийн туршлага солилцох зөвлөгөөн Архангай аймагт болсон. Энэ үеэр аймгуудын сумын эмч, мэргэжилтнүүд 200 ширхэг шинэсний тарьц тарилаа.
Тэд Цагаан давааны замын доор байрлах цөлжилттэй тэмцэх ойн зурваст өөрсдийн нэрэмжит төглийг ийнхүү байгууллаа.
Шинэс модны тарьцыг Сэлэнгэ аймгийн сумын эмч, мэргэжилтнүүд авч иржээ. Ийнхүү Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн 83 сумын 250 гаруй эмнэлгийн мэргэжилтэн мод тарьснаар Монголын Сумын эмч мэргэжилтнүүдийн холбооны нэрэмжит төгөл Архангай аймагт бий болсон юм.
Арчилгаа, усалгааг аймгийн Байгаль орчны газар хариуцан ажиллана.