Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэгч 10 аж ахуйн нэгжийг шалгаруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-11-27 13:23:45

НМХГ-аас “Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэгч” 10 аж ахуйн нэгжийг шалгаруулж, өнөөдөр "Нийслэлийн иргэний танхим"-д шагнал гардууллаа.

Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжээр “АПУ” кмпанийн Сүүний үйлдвэр, “Талх чихэр”, “Бат байгаль”, “Витсамо фрут жүүс”, “Хүнс комплекс”, “Мөнхийн болох” болон “Дөрвөн өлзий”, “Эко эрдэнэ”, “Эм Ти Жи Эй”, “Агь” компани шалгарсан байна.

2010 оноос эхлэн Мэргэжлийн хяналтын байгууллага аж ахуйн нэгжүүдэд шалгалт явуулж, шалгах, торгох, үйл ажиллагааг нь зогсоох гэхээсээ илүүтэйгээр тэдний алдаа дутагдлыг засч, үйл ажиллагаа жигдрүүлэхэд нь зөвлөгөө өгөх чиглэлд анхааран ажиллах болсон хэмээн МХЕГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ шагнал гардуулах үеэр онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “Хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах нэн тэргүүний ажил бол хүнсний аюулгүй байдал байдаг. Хэрэглэгчидэд ээлтэй хүнс үйлдвэрлэж, иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд өөрсдийн үйл ажиллагаагаа чиглүүлж буй та бүхнээрээ мэргэжлийн хяналтын байгууллага төдийгүй нийт ард түмэн бахархаж байна” гэв.

“Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэгч” шалгаруулах ёслолыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ оны шалгаруулалтад 38 аж ахуйн нэгж нэр дэвшсэн байна. Үүнээс хүнсний чанар, эко үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн шинэчлэл зэргийг харгалзажн үзэж, дээрх 10 байгууллагыг шалгаруулжээ.

Ч.Ариунболд

相关新闻