Зорилтот жилийн хүрээнд туг, дэвтэр аялуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-04-04 18:19:03
Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд Хүндэтгэлийн туг, дэвтрийг аялуулж эхэллээ.

Аяллын гараа аймгийн ИТХ-аас эхэлж байгаа бөгөөд Ажлын албаны дарга Т.Гончигдорж аяны туг, дэвтрийг тав хоногийн хугацаатайгаар гардан авсан юм. Энэ хүрээнд хүүхэд рүү чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх, байгууллагын ажилтан, албан хаагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх, эцэг эх, байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор ажил төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, ИТХ-ын Иргэдэд мэдээллээр үйлчлэх төвд хүүхдүүдэд зориулсан номын булан байгуулах, Хүүхдүүдийн дунд Д аминдэмийн дутагдлыг илрүүлэх болон шүдний үзлэг, эмчилгээнд хамруулах, Хүүхдүүдийг “Унасан газар, угаасан ус минь”, “Миний аймаг-Миний бахархал” сэдэвт аялалд хамруулах зэргээр 10 орчим үйл ажиллагааг төлөвлөжээ.
Аяны туг, дэвтрийг хүлээн авсан байгууллага нь зорилтот жилийн үйл ажиллагаатай уялдуулан төлөвлөгөө гаргаж, тав хоногийн хугацаанд байгууллагынхаа албан хаагч, тэдний гэр бүл, үр хүүхэд рүү чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлэх аж.
Б.Батчимэг
相关新闻