0-5 насны хүүхдэд рентген харалт хийхгүйгээр зураг авалт туршина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-04-04 10:02:58
Ховд /МОНЦАМЭ/ ДЭМБ-аас рентген, томографийн шинжилгээнд 0-5 насны хүүхдийг оруулахгүй байх зөвлөмж гаргасан байдаг. Учир нь Рентген туяаны шинжилгээнд орох нь ялангуяа бага насны хүүхдийн дархлааг тодорхой хэмжээгээр сулруулдаг байна.
Тиймээс Ховд дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвийн Чанарын албанаас энэ  оны 03 дугаар сарын 23–ны өдөр “Рентген харалтыг хүүхдийн өвчний оношилгоонд хэрхэн хэрэглэх вэ?” сэдэвт хэлэлцүүлгийг  зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт БОЭТ-ийн удирдлагууд болон хүүхэд, нярай, дүрс оношилгооны тасгийн эмч нар, рентген техникчид  оролцсон байна. Хэлэлцүүлгийн үр дүнд 0-5 насны хүүхдэд хийх рентген харалтыг багасгаж, улмаар харалт хийхгүйгээр зураг авах үйл ажиллагааг нэг сарын хугацаанд  туршилтаар хийж үр дүнг тооцох шийдвэр гарган ажиллаж байна гэж БОЭТ-өөс мэдээллээ.
Энэ хэлэлцүүлгийн үеэр EAGLE телевизээс Бага насны хүүхдийн рентген шинжилгээ, цацрагийн аюулгүй байдлын талаар хийсэн хэлэлцүүлэгийг үзэж, эл нэвтрүүлгийг иргэдэд аймгийн Эрүүл мэндийн газрын фэйсбүүкт байршуулж иргэдэд  хүргэж байна. 
А.Бямбасүрэн
相关新闻