Оёдлын гурав дахь сургалтыг 64 эмэгтэй амжилттай төгслөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы ажилгүй өрх толгойлсон 64 эмэгтэй оёдол эсгүүрийн дамжааг төгсч ажлын байртай болжээ. Завханы Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, Богд Шүтээн ХХК, хамтран ажилгүй иргэдэд түр дамжаа хичээллүүлж, гурав дахь төгсөлтөө хийсэн нь энэ юм.
Тодруулбал Улиастай сумын зургаан багийн ажилгүй 24 эмэгтэй, 24 сумын 40 өрх толгойлсон эмэгтэй оёдолчны нэг сарын сургалтанд сууж амжилттай төгсжээ. Эдгээр эмэгтэйчүүд сумандаа очиж хувиараа оёдлын цех ажиллуулах бүрэн боломжтой болжээ. Өнгөрсөн жил тус дамжааг нийт 75 иргэн төгссөн бол энэ гуравдугаар сард ийнхүү гуравдахь төгсөлтөө амжилттай хийжээ. Сургалтанд суусан эмэгтэйчүүдэд 500 мянган төгрөгний үнэ бүхий материалыг бэлэглэсэн байна. "Эдгээр эмэгтэйчүүд анхны материалаа хүлээн авч иргэдээс захиалга аван өөрсдийн хувийн бизнесээ эхлүүлэх бүрэн боломжтой болсон. Өнгөрсөн жилийн төгсөгч эмэгтэйчүүд өнөөдөр тус бүр ажлын байртай, өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болсон нь манай сургалтын давуу тал юм" хэмээн Богд Шүтээн ХХК-ний захирал М.Алтанцэцэг хэллээ.
Дашрамд, Завханы Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос ажил мэргэжилгүй иргэдэд мэргэжил олгох зорилгоор төрөл бүрийн сургалтуудыг зохион байгуулдаг байна. Тухайлбал оёдол, эсгүүр, үсчин, гоо сайхан, жижиг бизнес эрхлэх бизнесийн шилдэг санаанууд өгөх, төсөл хамтран бичих зэрэг сургалтуудыг хийдэг аж.
Б.Мягмарсүрэн