Хуучны барилгуудад их засвар хийж, ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-03-30 10:48:16
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн төвд өнгө үзэмж гутаасан хэд хэдэн хуучны барилга бий. Тэгвэл энэ онд хоёрынх нь өнгө зүсийг нь өөрчлөн засч янзлахаар төлөвлөөд байна. 
“Бургас” зоогийн газар буюу иргэдийн ярьж заншсанаар 100 хүний гуанзыг Орон нутгийн төсвийн 600 сая төгрөгийн хөрөнгөөр их засварт оруулж, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, Хүүхдийн номын сан байгуулж ажиллах юм.
Мөн “Хангай” зочид буудлыг хувийн хэвшлийн хөрөнгөөр өөрчилж, орчин үеийн стандарт бүхий үйлчилгээний төв болгох аж. Үүнийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, үнэлгээ гарган зураг төсвийн ажлаа дуусгаад байна.

Багийн ИНХ, байгууллагуудын уулзалт, ярилцлагаар орчин үеийн 9, 10 давхар орон сууц бариулахыг хүсэхээс илүү “Хангай” зочид буудал, “Бургас” зоогийн газар, “Худалдааны ажилтны Соёлын төв”, “Барилгачдын Соёлын ордон” гэхчлэн ашиглагдалгүй удсан барилгуудыг яах гэж байгаа талаар иргэд асууж сурагладаг учраас эхний арга хэмжээг авч байгаа болохыг аймгийн Засаг дарга Г.Ганболд хэллээ.
Б.Батчимэг
相关新闻