“Яруу дууч” цол өргөмжлөлийг Түдэвтэй сумын суралцагч Н.Өсөх-Эрдэнэ хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-03-29 18:00:05

Завхан/МОНЦАМЭ/. Завханд “Хүрэл тулга-2018” наадам амжилттай болж 24 сумын ерөнхий боловсролын сургуулийн шилдэг 60 хүүхэд оролцож өрсөлджээ. Наадмын үеэр "Хүрэл тулга"-аас төрөн гарсан Утга зохиолын нэгдлийн яруу найрагчид шүлэг найргаа дээжлэн өргөж, “Боролдой” номын дэлгүүр, “Завхан” сонин, Утга зохиолын нэгдлийн нэрийн шагнал болох “Яруу дууч” цол өргөмжлөлийг Түдэвтэй сумын суралцагч н.Өсөх-Эрдэнэд гардуулжээ. 
Энэхүү шагналыг өнгөрсөн жилээс олгож эхэлсэн бөгөөд байр эзлээгүй сайн шүлэгтэй хүүхдэд олгодог уламжлалтай ажээ.
Наадмын дунд насны ангилалд тэргүүн байрыг Сантмаргаз сумын Ж.Билэг-Өрнөх, дэд байрыг Завханмандал сумын Г.Долгорсүрэн, гутгаар байрыг Нөмрөг сумын О.Лхагвадорж нар тус тус эзэлжээ. Харин ахлах насны ангилалд тэргүүн байрыг Идэр сумын Г.Дамдинсүрэн, удаах байруудыг Их-Уул сумын Г.Шинэтогтох, Хөгжим бүжгийн коллежийн суралцагч Б.Данзанжамц нар эзэллээ. Ийнхүү энэ жилийн наадмын тэргүүн байрын эзэд удахгүй болох “Хүрэл тулга-2018” улсын уралдаанд Завхан аймгаа төлөөлөн оролцох эрхтэй болжээ. 
“Хүрэл тулга” улсын уралдаан нь хоёр жилд нэг удаа болж, Д.Нацагдоржийн нэрэмжит өсвөрийн яруу найрагч шилдэг хүүхдүүдийг тодруулдаг уламжлалтай. Харин Завхан аймгийн тухайд энэ жилээс эхлэн Төрийн шагналт, Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит өсвөрийн яруу найрагчдын аймгийн аварга шалгаруулах наадам болгож жил бүр зохион явуулахаар болсноо наадмын үеэр дуулгасан нь онцлог болов. Жил бүрийн “Хүрэл тулга” наадмыг Завханы  ГБХЗХГазар, Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сан, Аймгийн утга зохиолын нэгдэл хамтран зохион байгуулж байхаар болсон байна.

Б.Мягмарсүрэн


相关新闻