Сумдын сантехникийн ажилчдын мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг анх удаа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-03-28 23:17:58
Өмнөговь /МОНЦАМЭ/ Сумдын нийтийн аж ахуйн байгууллагын ажилчдад сантехникийн мэргэжил олгох, мэргэжил дээшлүүлэх, чадавхижуулах сургалт болж байна.
Уг сургалтанд тус аймгийн 15 сумын нийт 30 гаруй ажилчид оролцож мэдлэг мэргэжлээ дээшлүүлж байгаа юм. Гурав хоног үргэлжлэх энэхүү сургалтаар тухайн ажилчдад сантехникийн мэргэжил олгох, мэргэжил дээшлүүлэх, чадавхижуулахыг зорьж байна. 
Өмнөговь аймагт энэ жилийг  их бүтээн байгуулалтын жил болгон зарласан билээ. Тиймээс сумдад олон төрлийн бүтээн байгуулалтууд болно. Харин сумдад энэ төрлийн ажил үйлчилгээ хийдэг хүмүүс ихэвчлэн мэргэжлийн бус байдаг ажээ. Иймд уг сургалтыг явуулах шаардлагатай болсон гэнэ. Тус аймагт энэ төрлийн сургалт анх удаагаа болж байгаа бөгөөд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилга хот байгуулалтын хэлтэс болон Барилгын хөгжлийн төв хамтран зохион байгуулж байна.
Сургалтаар цэвэр бохир усны шугам сүлжээний засвар, үйлчилгээ, халаалтын шугам сүлжээний засвар үйлчилгээ, цэвэрлэх байгууламжийн талаар ерөнхий мэдлэг олгох зорилгоор онол болон практик хосолсон сургалтыг мэргэжлийн багш нар удирдан явуулж байгаа юм байна.
Д.Мишигсүрэн
 

相关新闻