"Хүрэн унага-2018"-д найрагч хүүхдүүд өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-03-28 14:55:29
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Боловсролын тэргүүний ажилтан, яруу найрагч Дондогдоржийн Халзангийн нэрэмжит өсвөрийн яруу найрагчдын “Хүрэн унага-2018” аймгийн наадам Баянхонгор хотноо боллоо.
Тус тэмцээнийг өмнөх жилүүдэд Эрдэнэмандал ахлах сургууль хариуцан зохион байгуулдаг байсан бол энэ жил Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран аймгийн хэмжээнийх болгож оролцогчдынхоо хүрээг тэлж, өсвөрийн яруу найрагчдын чансааг нэмэгдүүлж чаджээ. 
Тэмцээний нэгдүгээр шатанд найрагчид өөрийн сонгосон шүлгээ, хоёрдугаар шатанд урьдчилан өгсөн сэдвийн дагуу зохиосон, гуравдугаар шатанд шүүгчийн өгсөн сэдвийн дагуу таван минутын хугацаанд зохиосон шүлгээ уншиж уралдсан нь оролцогчдын чадварыг үзэгчдийн хяналт дор шалгасан байна. Тэмцээнийг дунд, ахлах анги гэсэн ангиллаар зохион байгуулсан бөгөөд нийтдээ 15 сум сургуулийн 65 сурагч оролцжээ.
Тэмцээний нийлбэр дүн гарахад дунд ангийн төрөлд, нэгдүгээр байрыг Баян-Өндөр сумаас оролцогч А.Жадамба, хоёрдугаар байрыг Шинэжинст сумаас оролцогч С.Чинболд, гуравдугаар байрыг Гурванбулаг сумаас оролцогч З.Өлзийсайхан нар тус тус эзэлсэн байна. Ахлах ангийн төрөлд нэгдүгээр байрт Соого сейкео ахлах сургуулийн сурагч Д.Тунгалаг, хоёрдугаар байрт Номундалай цогцолбор сургуулийн сурагч Б.Өлзийжаргал, гуравдугаар байрт Баянцагаан сумаас оролцогч Д.Энхтайван нар тус тус шалгарчээ.
Тэмцээний шагналтнууд болон шавиа сайн бэлтгэсэн багш нарыг Д.Халзан агсны үр хүүхдүүдийн нэрэмжит шагналаар шагнасан байна. 
                                                                                                                                                   Б.Мөнхзул
相关新闻