Эрүүл мэндийн салбартаа 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-03-27 11:18:41
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг эрүүл мэндийн салбартаа энэ жил 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ. Тус аймаг энэ жилийг эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлаад байгаа билээ. Тиймээс эрүүл мэндийн салбартаа онцгой анхаарч ажиллахаар болоод байгаа юм.
Энэ жил улс, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрөөр нийт 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж дутагдалтай тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалтыг хийхээр төлөвлөж байгаа аж. Мөн эмч ажилчид, эрүүл мэндийн байгууллагынхаа үйлчилгээ, хариуцлагыг сайжруулна гэж холбогдох албаны хүмүүс хэлж байна.
Сүүлийн жилүүдэд тус аймагт эрүүл мэндийн салбартаа тодорхой хөрөнгө оруулалт хийж тоног төхөөрөмжийн хувьд шинэчлэл хийсэн хэдий ч мэргэжлийн хүмүүс дутмаг байсан юм. Мөн БОЭТ нь нэгдсэн эмнэлгийн орон тоотой байгаагаас эмч болон эмнэлгийн ажилчид хүрэлцээ муутай байдгийг харгалзан энэ онд 32 эмч нэмж ажиллуулахаар болжээ. Үүний зэрэгцээ эмнэлгийн өргөтгөл барьж байгаа тул нэн тэргүүнд шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлыг ийнхүү шийдвэрлэхээр төлөвлөж байгаа ажээ. 

2016 оноос өнөөдрийг хүртэл "Элэг бүтэн Өмнөговьчууд", "Эх хүүхдийн эрүүл мэнд" зэрэг дэд хөтөлбөрийг эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж, эрүүл мэндийн үзлэг оношилгоо, чанарт анхаарч иржээ.
Д.Мишигсүрэн
相关新闻