Бадминтоны спортыг Өвөрхангайд хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-03-22 18:06:17
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бадминтоны спортыг Өвөрхангай аймагт хөгжүүлэх эхлэлийг тавиад байна. Монголын Бадминтон сонирхогчдын холбоо, аймгийн Бадминтоны холбоотой хамтран "Shuttle time" анхан шатны сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш, дасгалжуулагч нарт зохион байгууллаа.
Сургалтанд 11 сум, 15 байгууллагын 26 хүн хамрагдаж, бадминтоны спортын үүсэл хөгжил, онцлог давуу тал, үндсэн стандарт, тоглолтын дүрэм, хувцас хэрэгслийн танилцуулга, хос болон ганцаарчилсан тоглолтын сэдвүүдээр онолын мэдлэг авчээ. Мөн энэ үеэр Монголын Бадминтон сонирхогчдын холбооны багш нар үзүүлэх тоглолт хийн тоглолтын өмнөх бие халаалт, ракет барих үндсэн барилт, шилжилт цохих техникийн талаар суралцагчдад дадлага олголоо. Сургалтанд хамрагдсан хүмүүст Бадминтоны анхан шатны хичээл заах эрх бүхий сертификат гардуулав.
Цаашид уг спортыг аймаг орон нутагт хөгжүүлэн сурталчлах, аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах,  улсын аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа бэлтгэн оролцуулах зорилтыг тавиад байна.
Б.Батчимэг
相关新闻