БОЭТ-ийн үйлчилгээний чанар, хүртээмжийг иргэдээр үнэлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-03-21 15:00:41
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд "Иргэдийн дуу хоолой ба түүний үр нөлөө" аргачлалыг хэрэгжүүлж эхлээд байна. Уг аргачлал нь төрөөс үзүүлж буй үйлчилгээ иргэдэд тэгш чанар хүртээмжтэй хүрч байгаа эсэхийг иргэдээр тодорхойлуулж, түүнийг сайжруулах боломжийг эрэн хайх ажиллагаа бөгөөд иргэдээс хамгийн их санал, шүүмжлэлийг авч байдаг БОЭТ-д хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.
Ингэснээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж байгаа асуудлуудыг илрүүлэн гаргаж, орон нутгийн түвшинд шийдвэрлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжран иргэдийн мэдлэг, оролцоо нэмэгдэнэ хэмээн үзэж байна.
Аргачлалыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан бөгөөд Дэлхийн зөн-Монгол ОУБ, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвтэй хамтран хэрэгжүүлэх аж. “Иргэдийн дуу хоолой ба түүний үр нөлөө” аргачлал нь нь анх 2009 оноос эхлэн олон улсын хэмжээнд хэрэгжиж эхэлсэн ба орон нутагт эрүүл мэнд, боловсролын салбарт амжилттай хэрэгжсэн үр дүнтэй хөтөлбөр болох нь батлагджээ.
Б.Батчимэг
相关新闻