Ширээний теннисний холбоо үйл ажиллагаагаа идэвхжүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-03-21 12:51:26
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймагт Ширээний теннисний холбоо үйл ажиллагаагаа идэвхжүүлэн гишүүнчлэлээ өргөжүүлж байна. Энэ сарын эхний өдрөөс хойш гишүүнчлэлд 100 гаруй хүнийг элсүүлээд байгаа ба гишүүдээ үнэмлэхжүүлж, 2018 оны ажлын төлөвлөгөө гарган ажиллаж эхлээд байгаа юм.
Тодруулбал, сар бүр “Арвайхээр ЛИГ” чансаа тогтоох тэмцээнийг, улирал бүр багийн шилжин явах цомын тэмцээнийг сонирхогчид болон мэргэжлийн тамирчдын дунд зохион байгуулж, Монголын ширээний теннисний холбоотой хамтран тэргүүлэгчид, сумдын биеийн тамирын багш нарыг онол, арга зүйн сургалтанд хамруулах аж. Мөн 4, 9 сард “Аймгийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгуулах ба улс, аймаг, сум, байгууллагын тэмцээнүүдэд тамирчдаа оролцуулан мэдээллээр хангаж байхаар төлөвлөжээ.
Өмнө нь нэр төдий, тамга тэмдэггүй байсан холбоог 2016 оноос улсын бүртгэлд бүртгүүлж, бүх гишүүдийн хурал хийн тэргүүнээр Арвайхээр сумын Ардчилсан намын дарга А.Цэрэнтогтох, дэд тэргүүнээр БТСГ-ын дасгалжуулагч А.Хүүхнээ нарыг сонгосон бөгөөд удирдах зөвлөлд 9 хүнтэйгээр ширээний теннисийг аймагт хөгжүүлэх, бүх нийтийн спорт болгох зорилготой ажиллаж байна. Байгуулагдсанаасаа хойш аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёр удаа зохион байгуулж, улсны аварга шалгаруулах тэмцээнд  багаараа оролцоод иржээ.
Б.Батчимэг
相关新闻