Завханд "Цалинтай ээж" хөтөлбөрт 3200 гаруй иргэн хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт “Цалинтай ээж” хөтөлбөрт 3200 гаруй эмэгтэй хамрагдаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Цалинтай ээж” хөтөлбөрт Завхан аймгийн хэмжээнд нэгдүгээр сард нийт 2977 эхэд 148 850000 төгрөгийн тэтгэмж олгогджээ.
Харин хоёрдугаар сард нийт 3204 эхэд 159 451560 төгрөгийг улсын төсвийн санхүүжилтээр олгосон байна. Дашрамд “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдах эхчүүд өргөдөл, нэг хувь зураг, иргэний үнэмлэхний хуулбар, хүүхэд нь эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт, Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа бол чөлөө олгосон тухай ажил олгогчийн тушаал, хуулбарын хамт, баг, хорооны Засаг даргын тодорхойлолтыг аймгийнхаа Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний газарт өгснөөр тус хөтөлбөрт хамрагдах ажээ.
Б.Мягмарсүрэн