Улиастай сумын ИТХ, ажлын алба 24 сумаас ажлаараа тэргүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы 24 сумын ИТХ-ын ажлын албаны үйл ажиллагаагаараа тэргүүн байрыг Улиастай сум эзэлж дэд байрт Отгон сум, гутгаар байрт Тэлмэн сум удаах байруудад Түдэвтэй, Их-Уул сум тус тус шалгарсан байна.
Аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу Орон нутгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Үнэнхүүгээр ахлуулсан ажлын хэсэг 24 сумд ажиллаж сумдын нутгийн өөрөө удирдах байгууллагуудын үйл ажиллагааны явцтай танилцаад иржээ.
Ажлын хэсэг сумдын нутгийн өөрөө удирдах байгууллагуудын үйл ажиллагааны явцтай газар дээр нь танилцаж холбогдох хуулинд заагдсан эрх үүргийн болон дэвшүүлсэн бодлого зорилтын биелэлт, аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс гаргасан сумдтай холбоотой шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ үнэлгээг хийсэн байна. Мөн хяналт үнэлгээ хийхээс гадна зарим зөрчлийг арилгуулах, арга зүйн зөвлөгөө чиглэлийг өгчээ. Хяналт шинжилгээ үнэлгээний ажлын хэсэг удирдамжийн дагуу 25 үзүүлэлтээр сумдын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж үр дүнгийн хурлыг нь тухай бүр хийж төрийн байгууллагынханд танилцуулжээ. Мөн “Сумдын ИТХ-ын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, үр дүнг үнэлэх журам”, сумдын хуралдааны материал, ИТХ-ын ажлын албанд ирүүлэх мэдээ тайлангийн графикт тусгагдсан мэдээ тайланг ирүүлсэн байдал, хийж хэрэгжүүлж буй бүтээлч ажил зэргийг харгалзан сумдын ажлыг дүгнэж урамшуулжээ.
Б.Мягмарсүрэн