Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн ажиллах цагийг уртасгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-03-15 09:14:56
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн ажиллах цагийг уртасгаж, 9 цагаас 22 цаг хүртэл ажиллуулж эхэлжээ. Ингэснээр иргэдээс ирүүлэх санал хүсэлт, гомдол мэдээллийн хандалт 70 хувиар нэмэгджээ.
Иргэд оройн цагаар болон амралтын өдрүүдээр илүү хандах боломжтой юм байна хэмээн тус төвийнхөн хэлж байлаа. Сүүлийн өдрүүдэд ирсэн хандалтыг авч үзвэл мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан мал бүхий иргэдийг аймгийн төвөөс гаргаж нутагшуулах, иргэдийн хөдөлгөөнд анхаарах, үхсэн малын сэг зэмийг зайлуулах, зарим замуудад хурд сааруулагч тавих, гэрэлтүүлгүүдийг нэмэх талаар санал хэлжээ. Мөн хорио цээрийн дэглэм хэзээ дуусах, банкны өр зээлээ өгөхийн тулд яах ёстойг ихэвчлэн асууж тодруулсан байлаа.
МШУТ-өөс 2017 онд 2000 гаруй иргэнтэй холбогдож, санал хүсэлтийг шийдвэрлүүлсэн байна. “Иргэдээс хэдий чинээ хандалт авна, төрийн байгууллагын үйл ажиллагаанд төдий чинээ дэвшил гарна. Ард иргэд манай төвийн үйл ажиллагааг мэддэг болсон учраас хандалт жилээс жилд нэмэгдэж байна” хэмээн тус төвийн захирал Б.Сайнжаргал хэлэв.
Б.Батчимэг
相关新闻