Э.Даринчулуун, Ш.Эрхэс “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” хөтөлбөрт оролцох эрх авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-03-13 08:02:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” олон улсын хүүхдийн форумд Монголын хөлбөмбөгийн холбоо энэ жил анх удаа оролцох бөгөөд Э.Даринчулуун, Ш.Эрхэс нар эх орноо төлөөлөхөөр шалгарлаа.

Уг хөтөлбөрт улс орон бүрээс 12 хүртэлх насны өсвөрийн хөлбөмбөгчин болон сэтгүүлч хоёр хүүхэд оролцож эх орноо сурталчилдаг юм.  Монгол Улсаа төлөөлөн төлөөлөн оролцох анхдагч хүүхдүүдээр “ДМЮ” клубын довтлогч Э.Даринчулуун, “Монголын тэмүүлэл” багийн гишүүн Ш.Эрхэс гэсэн хөвгүүд сонгогдсон байна.

“ДМЮ” клубын довтлогч Э.Даринчулуун Москва хотноо хөлбөмбөгийн зуны сургалтад хамрагдаж,  дэлхийн хүүхдүүдийн нэгдсэн тэмцээнд хагас хамгаалагчаар тоглох юм. Мөн сэтгүүлч хүүхэд Ш.Эрхэс сэтгүүлзүйн зуны сургалтад хамрагдан, өөрийн орны тоглогчийн  тухай сурвалжилга хийнэ.

Хоёул “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” наадмын үйл ажиллагаанд эх орноо төлөөлж, Монгол Улсын тухай танилцуулга, мэдээлэл түгээж, ярилцлага өгч, дэлхийн цомын нээлтийн үйл ажиллагааг үзнэ. Олон улсын форумд оролцох хоёр хүүхэд нь хөлбөмбөгөөр хичээллэдэг байхаас гадна хагас хамгаалагчийн байрлалд тоглодог байх нь гол шалгуурын нэг аж. Мөн англи хэлний харилцааны зохих түвшний мэдлэгтэй болон өөрийгөө илэрхийлэх чадвартай байх ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сургуулийнхаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажилласан туршлагатай байх гэсэн шалгуурыг давах учиртай. Э.Даринчулуун, Ш.Эрхэс нар дээр дурдсан шаардлагыг хангаж уг эрхийг авчээ.



“Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” олон улсын хүүхдийн форумыг зохион байгуулах хорооны гишүүн  Анастасия Лялькина: “Уг үйл  ажиллагааг хөл бөмбөгийн томоохон үйл явдалтай холбогдуулан зохион байгуулдаг. Энэ жил Москва хотод дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн  зохио
н байгуулах үйл явдалтай давхцаж байна. Энд цугласан хүүхдүүд аль нэг орныг газрын зураг дээрх цэг биш харин найз нөхдийн минь нүүр царай гэж ойлгож байгаасай гэдэгт энэхүү арга хэмжээний зорилго оршдог. Энэ жилийн хувьд улс орон бүрээс нэг өсвөрийн хөлбөмбөгчин, нэг өсвөрийн сэтгүүлч хүүхэд ирж энэ чиглэлээрээ суралцах юм. Тоглох багуудын хувьд улсын нэрсийг шууд сугалж хуваасан. Долоон хоног бэлтгэл хийсний дараа есөн үнэт зүйлийн төлөөх аварга шалгаруулах тэмцээн гэж хийдэг.  Эдгээр есөн үнэт зүйлсийг хүүхдүүд маань тэнд очоод илүү ойлгох байх гэж найдаж байна. Энэ удаагийн арга хэмжээний бас нэг онцлог нь бид байгаль экологийн асуудалд анхаарлаа хандуулахыг зорьсон. Тийм ч учраас багийн нэрсийг нэн ховордож буй ан амьтны нэрээр нэрлэсэн. Цугласан хүүхдүүд бүгд дэлхийн аваргын нээлтэд оролцоно. Гэхдээ “оролцоно гэдэг нь зөвхөн нээлтийг үзэх биш нээлтийн арга хэмжээнд өөрийн  биеэр жагсах юм” гэж онцлон хэллээ.

Манай орныг төлөөлөн оролцож буй хүүхдүүд Western gorila багт тоглох
юм.
 

Д.Өлзий

相关新闻