“МNB sport” суваг хөлбөмбөгийн ДАШТ-ийг дамжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-03-05 17:29:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олон нийтийн телевиз /МҮОНТ/-ийн гурав дахь суваг “МNB sport” өнөөдөр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Нээлтийн ёслолд Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон олимпийн хүрэл медальт, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Ардын багш, гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт Д.Сэрээтэр, олимпийн мөнгөн медальт МУГТ, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, олимпийн хүрэл медальт МУГТ Д.Отгондалай тэргүүтэй тамирчдын төлөөлөл оролцлоо.

МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжанц нээлтийн үеэр “Спортоор дамжуулан эрүүл чийрэг үндэстэнг бий болгох зорилгоор энэхүү сувгийг нээж байна. Мөн шинэ залуу үе, ард түмнээ эрүүл чийрэг бие бялдрын хөгжилд уриалах, спортоор дамжуулан үндэсний болон тив дэлхийн аваргыг төрүүлэх зорилготой. Залуус спортоор хичээллэдэг байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа. Бид өдөрт 18-24 цагийн эфир дамжуулахаар төлөвлөж байна. Мөн спортын цэнгээнт нэвтрүүлгүүдэд онцгой анхаарна. Хамгийн эхэнд хийх том контент бол ирэх зургадугаар сард ОХУ-д болох дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулна. Мөн Токиогийн олимпийг дамжуулахаар төлөвлөж байна. Үүнээс гадна эр зоригийн шалгуур “Монгол нинжа вару” гэх шоуг хийхээр албан ёсны эрхээ аваад байгаа. Энэхүү сувгийг нээхэд спортын холбоод болон УИХ, Засгийн газар маш сайн дэмжлэг үзүүллээ. Спортын суваг нээлтээ хийж буй энэ үед МҮОНРТ-ийн спортын албанд ажиллаж байсан инженер, техникч, уран бүтээлчиддээ баярлалаа” гэж хэллээ.

“МNB sport” суваг нь өдөр бүрийн өглөөний 6 цагаас үдшийн 24 цаг хүртэл үзэгчдэд спортын мэдээлэл хүргэх юм. Мөн хэвлэл мэдээллийн салбарт 2-33 жил ажилласан туршлагатай зураглаач, сэтгүүлч, найруулагч, инженер техникийн 30 орчим ажилтан, биеийн тамир спорт сонирхогч хүн бүрт мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэхээр хамтран ажиллах юм.

Д.Өлзий
相关新闻