Замын цасыг дор бүр нь арилгах үүрэг байгууллагуудад ногдов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬОйрын өдрүүдэд орсон цас Мандалговь хот доторхи автозамд халтиргаа гулгаа үүсгээд байгаа юм. Энэ сарын сүүлч болон ирэх саруудад цас ихтэй байх цаг агаарын урьдчилсан төлөвтэй тул замын цасыг дор дор нь арилгаж, халтиргаа гулгааг багасгахад ямар арга хэмжээ авч ажиллахыг Мандалговь хотын тохижилтын албаны дарга Д. Мөнхцоожоос тодрууллаа.
Тэрээр хэлэхдээ, хот тохижилтын ажилчид замын уулзваруудын дагтаршсан цасыг цохиж цэвэрлэж байгаа. 50 метр доторхи орчныхоо замын цасыг тухай бүр нь арилгаж байх тухай албан тоотыг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүргэсэн. Одоогийн байдлаар байгууллагууд ойр орчны цасыг арилгаж байна. Түр ажлын байранд 8 иргэнийг авч ажиллуулан хот тохижилтын ажилчид дээр хүч нэмэгдүүлсэн гэлээ.
Дагтаршиж мөстсөн цасыг хайлуулах давс нөөцөлдөг эсэхийг лавлахад, 200 кг давс байсныг замын хөдөлгөөн ихтэй хэсгүүдэд цацаад дууссан, дахиж давс авах төсөв хөрөнгөгүй байна гэв.
Сүүлийн жилүүдэд цас багатай өвөлжсөн нь хот доторхи замд халтиргаа гулгаа үүсэх нөхцөл харьцангуй бага байсан. Харин энэ өвөл цас ойр ойрхон орж байгаа нь хотын замын хөдөлгөөнд багагүй бэрхшээл учруулахаар байна.
Дундговь Т. Отгонтуяа