Ерөнхий сайд асан Д.Содном нэрэмжит сургуульдаа зочлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-02-10 16:54:22
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Өргөн сумын уугуул төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Думаагийн Содном, Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, анагаах ухааны доктор, профессор Г.Дашзэвэг нар хоёрдугаар сарын 9-нд төрөлх нутагтаа зочиллоо. Тэднийг аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн.
Мөн нутгаасаа төрсөн төрийн зүтгэлтнүүдийг Өргөн сумынхан угтах хаалга дээрээ тосож ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцуулснаас гадна орон нутгийнхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын талаар Засаг дарга Ж.Сүхбаатар мэдээлэл хийсэн байна.
Их говийн зоригтны өлгий гэж алдаршсан Өргөн сумын сургуулийнхан сумаасаа төрсөн Ерөнхий сайдынхаа үйл хэргийг хойч үед таниулан сурталчилж, алдаршуулах, түүхэн үйл явдлыг олон нийтэд танин мэдүүлэх зорилгоор алдрын  булан нээжээ. Мөн алдартнууддаа Өргөн сумын хүндэт иргэний үнэмлэх, нэрэмжит батламж гардуулж, урлагийн тоглолтоор бэлэг барив.
Дорноговь аймгийн ИТХ-ын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны хуралдаанаар Өргөн сумын ерөнхий боловсролын сургуулийг төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Думаагийн  Содномын нэрэмжит, сумын Эрүүл мэндийн төвийг Өргөн сумын уугуул, Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, гавьяат үйлстэн Г.Дашзэвэгийн нэрэмжит,  сумын Сүмбэр багийг Өргөн сумын уугуул, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, алдарт адуучин О.Мажигийн нэрэмжит болгох шийдвэрийг гаргаж байсан юм.
Ерөнхий сайд асан Д.Содном  Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт төрсөн бөгөөд 1954-1958 онд Эрхүү хотын санхүү, эдийн засгийн дээд сургуульд суралцаж төгсчээ. 1958-1963 онд Сангийн яаманд мэргэжилтэн, 1963 - 1969 онд БНМАУ-ын Сангийн яамны сайд, 1969 - 1974 онд Улсын төлөвлөгөөний комиссын нэгдүгээр орлогч дарга, Улсын төлөвлөгөөний комиссын дарга, 1984 -1990 онд Монгол Улсын Ерөнхий сайд зэрэг хариуцлагатай албыг хашиж байсан. Өргөн сумын ерөнхий боловсролын сургууль  250 гаруй хүүхдийн хүчин чадалтай бөгөөд одоогоор  30 гаруй багш,  ажилтнуудтай  үйл ажиллагаа явуулж байна.
Х.Эрдэнэбулган
相关新闻