Эрдэнэ сум тэргүүний сумаар шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-02-10 15:36:15
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн сумдаас 2017 оны үйл ажиллагааны үр дүнгээрээ Эрдэнэ сум тэргүүний сумаар шалгарлаа.
Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнг сайжруулж, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлж, ард иргэдийн тав тухтай, тогтвор суурьшилтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж, 2017 оны үйл ажиллагааны үзүүлэлтээр бусад сумаа манлайлан ажилласан тул аймгийн ЗДТГ-аас ийн “Тэргүүний сум”-аар шалгаруулсан байна.
3000 гаруй хүн амтай, төмөр зам, авто замын хос хөдөлгүүртэй тус сум иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах зорилгоор 2017 онд 27 айлын орон сууцны барилга барьж эхэлсэн, Орон сууцны корпорациас санхүүжилт гаргаж орон сууцны ам метрийг 999 мянган төгрөгөөр тооцсон, шилэн кабелын сүлжээнд холбогдсон, төвлөрсөн халаалтын зуух барьж сумын төсөвт байгууллагуудыг цэвэр бохир усны сүлжээнд холбох  дэд бүтцийн ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлсэн гээд амжилт бүтээл дүүрэн жил байжээ.
Харин үйл ажиллагааны үзүүлэлтээрээ нэгдүгээр байрт Өргөн сум, хоёрдугаар байрт Хатанбулаг сум, гуравдугаар дугаар байрт Мандах сум тус тус шалгарав. 
Х.Эрдэнэбулган
相关新闻