Хөдөө аж ахуйн салбараас улсын аварга цолыг 12 хүн хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-02-05 18:31:01
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Тус аймгаас энэ жил Улсын аварга малчин 10, Улсын хошой аварга малчин нэг, Улсын аварга саальчин нэг төрлөө.
Тодруулбал Бүрд сумын малчин Г.Золжаргал “Улсын хошой аварга” малчнаар шалгарсан ба тэрбээр 1998 оноос хойш тасралтгүй 19 жил мал маллаж, 2006 онд “Сумын сайн малчин”, 2009 онд “Аймгийн сайн малчин”, 2011 онд “Алтан төлийн эзэн”, 2012 онд “Улсын сайн малчин”  цолоор шагнуулж байжээ. Энэ онд “Улсын аварга саальчин” цол хүртэж байгаа Бат-Өлзий сумын малчин С.Оюунчимэг 1990 оноос хойш тасралтгүй 27 жил мал маллаж байгаа ба малын удмын санг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалахад онцгой анхаарч ажилладаг гэдгийг сумын Засаг дарга М.Жамъяаншарав онцлов. Тэрбээр сүргийн бүтэц, чанар, таваарлаг байдлыг нэмэгдүүлэхэд санаачилгатай хандаж, “Барга” үүлдрийн хуцаар хонио, Баянхонгорын улаан ухнаар ямаагаа, Баянхонгорын хөх бухаар үхрээ үүлдэр угсааг нь сайжруулжээ. Мөн жилд дунджаар 360 литр сүү саан цагаан идээ боловсруулж, 41,143,2 төгрөгийн орлоготой ажилладаг тэргүүний саальчин эмэгтэй аж.
Тахиа жилийн “Улсын аварга малчин”-аар Баян-Өндөр сумын малчин О.Очирбат, Баруунбаян-Улаан сумын малчин Н.Бямбадорж, Баянгол сумын малчин П.Балдандорж, Богд сумын малчин А.Лүндээжанцан, Нарийнтээл сумын малчин М.Өлзийбат, Сант сумын малчин Б.Батцогзол, Арвайхээр сумын малчин П.Дэмбэрэлдорж, Хархорин сумын малчин Г.Мэндбаяр, Бат-Өлзий сумын малчин Г.Баяртогтох, Уянга сумын малчин Б.Эрдэнэбилэг нар шалгарсан юм.
Б.Батчимэг
相关新闻