Дорнод аймгийн спортын амжилт 17 хувиар өслөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн тамирчид өнгөрсөн онд олон улсын чанартай 21 тэмцээнд амжилттай оролцож, амжилтын чанар өмнөх онуудаас 17.6 хувиар өсчээ. Тухайлбал, тус тэмцээнүүдэд 238 тамирчин оролцож, 12 алт, 23 мөнгө, 36 хүрэл медаль хүртэж, 4 тамирчин олон улсын хэмжээний мастер болоод байна. Харин улс, бүсийн чанартай тэмцээний амжилт 18.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Тамирчдын амжилтаас цухас дурдахад, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж олимп дэлхийн хос медальтан болсон, Баян-Уул сумын харъяат тамирчин Ганболдын Ганцэцэг БНХАУ-д болсон Зүүн азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээний 52 кг-ийн жинд мөнгөн медаль, багийн төрөлд хүрэл медаль хүртсэн, Хэрлэн сумын харъяат Баярцогтын Мөнхзаяа нь марафон гүйлтийн олон улсын болон улсын чанартай 10 тэмцээнд оролцож, бүгдэд нь түрүүлж, Монголын рекордыг таван удаа шинэчлэн тогтоосон зэрэг амжилтууд үзүүлжээ.
Д.Дэлгэрмаа