З.Оргил: Хүүхэд байхдаа Нисэх рүү гүйчихдэг, онгоц хараад зогсчихдог байсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-05-28 13:22:03

Чойбалсан, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Онгоцны модель цуглуулагч Зоригийн Оргилтой ярилцлаа. Тэрбээр Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулж, өөрийн цуглуулгаа дэлгэх үеэр нь цөөн хором хөөрөлдсөн юм.


-Таны цуглуулгад “Маршалын цагаан”-аас эхлээд тээр жил Чингис бондоор худалдан авдаг өнөөх үнэтэй онгоц ч харагдана. Одоо хэр олон “онгоц”-той болоод байна даа?

-Маршал Хорлоогийн Чойбалсангийн нисэж байсан “Маршалын цагаан”, МИАТ-ийн хамгийн анхны “Боинг-727”, дэлхийн хамгийн хурдан онгоц гэгддэг “Конкорд”, Монголын хамгийн анхны тийрэлтэт онгоц “ТУ-154”, дэлхийн хамгийн том, 850 хүний суудалтай, цагт 900 км хурдалдаг зорчигч тээврийн “А-380” онгоц гээд зуугаад загвар байна.


-Энэ дундаас хүүхэд насны тань гэгээн дурсамжийг шингээсэн онгоц аль нь вэ? Та чинь хүүхэд байхаасаа л цуглуулсан байх аа?

-Энэ “АН-24”. Нисэх рүү явдаг замд хөшөө нь байдаг. Аавыгаа дурсан мөнхжүүлэхээр “Нисэхийн” Ц.Юра ахын санаачилгаар тэр хөшөөг босгосон юм. Бас энэ “Монгол 715”-ыг аав жолоодож байсан. Ер нь манай гэр бүлийг “нисэх”-гүйгээр төсөөлөхөд бэрх л дээ. Ээж минь холбоочин, аав маань нисгэгч хүн байсан. Би өөрөө онгоцны техникч мэргэжилтэй. Хүүхэд байхдаа хичээлээ таслаад Нисэх рүү гүйгээд оччихдог, онгоц хараад зогсчихдог байсан. Ээжийнхээ хэвлийд байхаасаа л ниссэн хүн шүү дээ би чинь. Би энэ загваруудаа хүүхэд байхаасаа л цуглуулсан. Бага байхад аав маань цагаан онгоцны сургалтад суухаар хот руу явсан юм. Ирэхдээ надад наадаг жижиг онгоцнууд авчирч өгч байсан. Одоогийнх шиг онгоцны загвар элбэг байгаагүй, тун ховор живэр эд. Оросын байлдааны онгоцны загварууд гэхэд хэдхэн төрөл байдаг байсан. Тэр үеэс л цуглуулж эхэлсэн санагддаг.


-Онгоцнуудаа яаж хадгалж байна. Нэлээд зай талбай эзэлдэг бололтой юм?
-Заримыг нь тавиур дээрээ ил тавиад үлдсэнийг нь хайрцаглаад хадгалчихдаг. Жилдээ л хэдэн онгоц захиалаад нэмчихнэ. Зарим найз нөхөд, хамтран зүтгэгчид маань онгоц бэлэглэнэ. “Итгэл ивээлт”-ийн М.Мөнхбаатар эмч сансрын олон дахин ашиглагддаг “Шатл” хөлгийг Америкаас авчирч өгсөн.


-Шатл чинь дэлхийгээс хөөрөхдөө пуужин, буцаад буухдаа онгоц болдог аварга эд биз дээ?

-Тийм, тийм. Яагаав нөгөө хэдэн сайн эр дэлхийг аврахаар сансарт нисдэг “Армингтон” кинон дээр гардаг онгоц шүү дээ. Бас “Шинэ суваг”-ийн С.Дэлгэр Нисэхийн даргын өрөөнөөс олж ирлээ гээд нэг онгоц өгч байсан. ИТХ-ын дарга асан Р.Зоригтбаатар нэг өдөр залгаад “Би хотод явж байна, энд хэдэн онгоц байна” гээд нэг онгоц авчирч өгсөн. Арваад жилийн өмнө юм, телевиз үзээд сууж байсан чинь Мэргэжлийн хяналтын дарга асан Ц.Баярхүү гарч байна. Тэгсэн ард нь нэг онгоц харагдаад байна шүү. Тэсэлгүй гүйж очоод гуйгаад авчихсан. /МИАТ-ийн хамт олноос дурсгав гэсэн бичигтэй том цагаан онгоцыг заав/.


-Онгоцны загвараа хаанаас захиалж авдаг вэ?
-Онгоцны загвар хийдэг хүмүүс бий. Тэдэнд захиалгаа өгчихдөг. Өнөөдөр захиаллаа гэхэд жил гаруйн дараа л гар дээр ирнэ шүү дээ. Онгоц цуглуулагчдын цахим нэгдэл байдаг. Тэндээ асууж сурна, бие биеийнхээ цуглуулгыг сонирхоно. “Улаанбаатар”, “Номин” гээд томоохон дэлгүүрт зарж байх нь ч бий. Олон жилийн өмнө “Изнис” чинь онгоцны худалдаатай байлаа шүү дээ. Тэндээс бас хэд хэдэн онгоц олж авсан. Авиа компаниуд нь татан буугдахаар онгоцны загварууд нь ховордчихдог талтай.


-Цуглуулагчид хоорондоо онгоцны загвараа солилцох уу?
-Бараг үгүй дээ. Ижил загварын онгоц илүү ширхэг байвал хоорондоо солилцохоос биш нэг их өгөлцөж авалцаад байдаггүй. Дорнодод бол надаас өөр онгоцны загвар цуглуулдаг хүн байхгүй. Хотод голдуу цэргийн зориулалтын танк, машин, байлдааны онгоц гээд төрөлжүүлсэн цуглуулгатай хүмүүс байдаг юм билээ.


-Нэг ширхэг онгоцны загвар хэр үнэтэй вэ?
-Овор хэмжээ, онгоцны загвараасаа шалтгаалаад өөр үнэтэй. Дээхэн үеийн ч юм уу, хүн илүүтэй сонирхдог байлдааны онгоц ч юм уу, тээврийн, спортын гээд онцлог мөн байна.



-Хамгийн өндөр үнээр авсан нь аль вэ?
-Одоо миний энэ барьж байгаа онгоц л гэхэд 250 мянга. Мөнгөний ханшаар бодвол үүнээс үнэтэй нь ч бий.



Сонирхуулахад, Монголын нисэхийн түүхэнд Дорнод аймаг тод мөртэй гэж хэлж болно. Учир нь 1925 онд Монголын анхны нисэх хүчин байгуулагдаж, 1926 онд Баянтүмэн рүү ниссэнээр Монголын агаарын замын анхны шанг татаж байжээ. 1936 онд Дорнод аймагт Нисэх байгуулагдсан бол 1946 онд дайн дуусаж, тайван байдалд шилжсэнээр 1956 онд МИАТ байгуулагдаж, гурван шинэ АН-2 онгоцыг нисгэхэд нэг нь Дорнод руу хөөрч байсан түүхтэй юм. 

相关新闻