Отрын бүс нутагт 80 гаруй зорилтот бүлгийн иргэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-01-30 17:14:48
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газар отрын бүс нутагт өвөлжиж байгаа бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг гаргаж, шаардлагатай хүмүүсийг эмнэлгийн хяналтанд авчээ.

Өөрийн аймгийн өөр сумын нутагт нярай болон бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн гээд хяналтандаа авбал зохих 80 гаруй тооны иргэн байна. Тодруулбал, нярай нэг, 0-5 хүртэлх насны хүүхэд 48, жирэмсэн эмэгтэй тав, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хоёр, 65-аас дээш насны 26 иргэн отрын бус нутагт байгаа аж. Эдгээрээс ихэнх нь Дарьганга, Мөнххаан, Халзан сумдын нутагт байгаа юм.
Дээрх иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, эмчилгээ хийх, эмнэлгийн байгууллагын хяналтанд авах ажлыг аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгуулсан байна. Одоогоор хүнд, хүндэвтэр өвчтөн байхгүй бөгөөд нярай болон жирэмсэн эхчүүдийг эмчийн байнгын хяналтанд аваад байгаа аж.

Мөн өвөлжилт хүндэрч байгаатай холбоотойгоор бүх сумдын эмийн нөөцийг 80-85 хувьтай, нэн шаардлагатай эмийн нөөцийг 90 хувьтай хангаад байгаа гэнэ.
Т.Одончимэг 
相关新闻