“Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” сэдэвт улсын зөвлөлгөөн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-01-29 15:35:46
Ховд/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор БСШУСЯ-аас зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил–Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөлгөөн өнөөдөр Ховд аймагт эхэллээ.

Энэ сарын 29-30-ны өдрүүдэд болох уг зөвлөлгөөнд Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтнуудын төлөөлөл 300 гаруй хүн оролцож байна. Тус зөвлөлгөөний ерөнхий зохион байгуулагчаар БСШУСЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төв, БСШУСЯ-ны удирдлага, мэргэжилтнүүд, БМДИ, МУБИС-ын багш, мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүлж багш, ажилтнуудын санал бодлыг хуваалцахаар иржээ. 2007 оноос хойш 11 жилийн дараа зохион байгуулагдаж буй уг зөвлөлгөөнөөр ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх шийдэл, арга замын талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүүлэх арга хэмжээний чиглэлийг ЕБС-ийн нийт багш, удирдах ажилтнуудын оролцоотойгоор тодорхойлон салбарын бодлогод тусгаж, хэрэгжүүлэх юм. 
Ховд аймагт зохион байгуулагдах зөвлөлгөөний үйл ажиллагаанд оролцохоор Ховд аймагт БСШУСЯ-ны сайдын Зөвлөх Б.Ганбат, БҮТ-ийн захирал, Салбар хуралдааны зохицуулагч Ж.Ган-Эрдэнэ нараар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт хүрэлцэн ирлээ. Ажлын хэсгийнхэнийг аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Гантөмөр, аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү нарын албаны төлөөлөгчид хүлээн авч уулзлаа. Тэд аймгийн төвийн зарим сургууль, цэцэрлэгүүдтэй танилцах, Соёлын салбарын ажилтнуудтай уулзаж мэдээлэл солилцох, Буянт сумын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан байна. 
                                                                                                                                             А.Бямбасүрэн
相关新闻