“Мөнгөлөг шагшуурга-2018” баярын үеэр мөсөн хотхон байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-01-26 14:54:14
Ховд/МОНЦАМЭ/ “Гурван сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, олон үндэстэн, ястны ахуйн соёл, зан заншил, уламжлал, унаган байгаль, нүүдэлчин ахуйг түшиглэн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баярыг зохион байгуулах гэж байна.
“Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр энэ оны хоёрдугаар сарын 23, 24-ны өдрүүдэд үзэсгэлэнт хан Жаргалант уулын өвөр, хатан Хар ус нуурын “Төмөртийн тохой”-д зохион байгуулагдах юм. Анх Дэлхийн байгаль хамгаалах сангийн баруун бүсийн хөтөлбөрийн газар санаачлан нутгийн иргэд, төсөл хөтөлбөрийн газруудтай хамтран зохион байгуулж ирсэн тус мөсний баяр долоо дахь жилдээ баруун бүсийн хэмжээний томоохон наадам болох юм.
Мөсний баярыг зохион байгуулах ажлын хүрээнд Аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхээр ахлуулсан 24 хүний бүрэлдэхүүнтэй ажлыг хэсэг томилогдож, аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд эхний уулзалт, хурлыг хийлээ.
Хурлын үеэр “Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баярыг зохион байгуулах хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтийг хангах, сумдад хүргэх үүрэг чиглэлүүдийн талаар тус тус хэлэлцсэн юм.
Ажлын хэсгийнхэн “Мөнгөлөг шагшуурга -2018” мөсний баярт оролцогчдод зориулж мөсөн хотхон, гурван сэнхэрийн агуйн макет хийхээс гадна мөсний баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн иргэдэд зориулсан урлагийн тоглолт, төрөл бүрийн үйлчилгээг явуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, Морин чарга, цана, чарга, тэшүүрийн прокат, гэрэл зургийн үзэсгэлэн, морь тэмээгээр үйлчлэх гээд олон төрлийн арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс нутгийн иргэдтэй хамтран хийх ажээ. 
Байгаль дэлхий, үндэсний өв соёлоороо бахархах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, улмаар Ховд аймгийн гадаад, дотоодын жуулчдын тоог нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах гол зорилготой мөсний баярын арга хэмжээнд Ховд аймгийн 17 сумын төлөөлөл оролцож, олон үндэстэн угсаатны бүлгүүдийн урлаг соёл, зан заншлыг харуулсан үзүүлбэрүүдийг толилуулна. 
А.Бямбасүрэн
相关新闻