Шүлхий өвчний улмаас хоёр газарт хяналтын пост ажиллахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-01-25 15:47:15
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Онцгой комисс хуралдаж хөрш зэргэлдээ суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчин болон өвөлжилтийн талаар хэлэлцлээ. Энэ жил Орхон аймагт олон жилийн дунджаас ахиу цас орж өвөлжилт хүндэрсэн. Үүнтэй зэрэгцээд малын гоц халдварт өвчин Булган аймгийн Рашаант, Хангал суманд гарсан тул Хөшөөтийн давааны чиглэл, Орхон, Булган аймгийн босоо тэнхлэгийн зам дагуу хоёр пост ажиллуулахаар боллоо.
Хяналтын постыг 21 хоногийн хугацаатай гурван ээлжээр ажиллуулах бөгөөд ариутгал, халдваргүйтгэлийн зардалд орон нутгийн Аваарийн зардлаас 25 сая төгрөг гаргахаар болов. Мөн Булган аймгийн Хангал сумын хоёрдугаар багт “Чулуут” гэдэг газарт өвөлжиж буй Д.Бөхбатын малын хотонд энэ сарын 22-нд үхрийн цусан халдварт өвчин гарчээ.  Иймд Хангал сумын Засаг дарга захирамж гаргаж тус газарт “Хязгаарлалтын дэглэм” тогтоон  гурван өрхийн 100 гаруй үхэрт вакцин хийсэн гэж ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий мэдээллээ.
Б.Оюун-Эрдэнэ
 
            
 
相关新闻