Халаалт муу байгаа сургууль, цэцэрлэгүүдийг шалгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-01-25 15:44:42
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Д.Батлут халаалт муу байгаа сургууль, цэцэрлэгүүдэд ажиллалаа. Тодруулбал, 15-р сургууль, 23-р цэцэрлэг, Наран цогцолбор сургуульд очсон юм. 
15-р сургуулийн уурын  зуух нь  хэвийн ажиллаж байгаа ч анги, танхим нь маш хүйтэн байлаа. Энэ нь цонх, ханаар дулаан алдалт их байгаатай холбоотой гэж сургуулийн багш, сурагч, ажилчид хэлж байв. Уг сургуулийн барилга нь 2015 оны дөрөвдүгээр сард ашиглалтад орсон. Хөвсгөл аймгийн “Урагшлах” компани хоёр тэрбум 750 сая төгрөгийн хөрөнгөөр барьсан юм. Иймд анги хүйтэн байгаа асуудлаа “Урагшлах” компанид уламжлахад шинэ барилга эхэндээ хүйтэн байдаг, цаашид дулаан болно гэж тайлбарласан хэмээн тус сургуулийн захирал М.Галбаатар ярилаа.
Гүйцэтгэгч компанийн хувьд сургуулийн цонхнуудын резинийг нэг удаа сольж өгсөн гэнэ. Аймгийн Засаг дарга нөхцөл байдалтай танилцаад тус сургуульд “Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК-иас мэргэжлийн хүмүүс ажиллуулж дулаан алдалт хэр их байгаа эсэхийг шалгуулахаар боллоо. Цаг алдахгүйн үүднээс энэ амралтын өдрүүдэд анги, танхимуудын цонхыг дулаалж барилгын заадсыг засварлаж  гүйцэтгэгч компанид  зохих шаардлага тавина гэлээ.  
15 дугаар сургууль нь хичээлийн 32 танхимтай. Энэ хичээлийн жилд 33 бүлэгт 1000 гаруй хүүхэд суралцаж байна. Сургууль нь ашиглалтад орсон цагаасаа хойш дээвэрт засвар орж, спорт заалны шалыг  нь ч бүрэн солих шаардлагатай  бий болсон ажээ.
Аймгийн Засаг дарга дараа нь   23 дугаар цэцэрлэг болон Наран цогцолбор сургуульд очсон юм. Наран цогцолбор сургуулийн халаалт доголдож байгаа нь өвөлжилтийн бэлтгэлээ хангалтгүй базаасантай холбоотой гэж дүгнэлээ.
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻