Зэрэг сум 1000 шахам мал хорогдоод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-01-25 13:10:30
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Зэрэг сум нийт 196071 толгой малтай бөгөөд өөр аймаг, суманд  23354 толгой мал өвөлжиж байна. Сумын нийт нутгаар 10-15 см зузаан цасан бүрхүүл тогтжээ. Агаарын температур өдөртөө хасах 23-25 хэм, шөнөдөө 38-40 хэм хүйтэрч байна. Нэгдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар тус  суманд  нийт  975 мал хорогдсон  байна.
Зэрэг сумын хувьд энэ жил 3514 тн хадлан, 303.4 тн гар тэжээл, 327 тн хужир шүүг тус тус бэлтгэснээс гадна дотоодын махны үйлдвэрүүдтэй мал, мах нийлүүлэх гэрээ хийж 60.0 мянга орчим толгой мал борлуулжээ.
Сумын нийт нутгаар цас орж,  энэ  оны 01 сарын 3-10-ны  өдрүүдэд сумын Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг бүх малчин өрхүүдээр орж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, өвс, тэжээлийн судалгаа авах зэрэг ажлыг  зохион байгуулж, 52 малчин өрхөөс нийт 499 уут тэжээлийн захиалга авсан байна.
Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр нөөцийн өвс тэжээлээс сумдад хуваарилсан 190 уут тэжээл, 325 боодол өвс, Мал хамгаалах сангаас хэрэгжүүлж байгаа хөнгөлөлттэй өвс тэжээл нийлүүлэх гэрээ байгуулсан Жинст транс ХК-ий нүүлүүлсэн 550 уут хорголжин тэжээлийг сумын хүндэрч болзошгүй байгаа бүсэд өвөлжиж буй малчин өрхүүдэд хүргэлээ гэж  Зэрэг сумын Засаг дарга Д.Октябрь ярилаа.
Аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу тус сумын хүн амын эрүүл мэндэд анхаарч 300.0 мянган төгрөгний эм тариа өгч, нарийн мэргэжлийн эмч нарийн багийг Зэрэг суманд ажиллуулж, сумынхаа малчдаа эргэж тойрох зардалд зориулан 500 л шатахууны дэмжлэг үзүүлсэн байна.
                                                                                                                                                   А.Бямбасүрэн
相关新闻