Д.Тунгалагтуяа:Стандартгүй бол бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хянахад маш төвөгтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-01-24 16:21:54

Завхан /МОНЦАМЭ/ Стандарт нь бидний өдөр тутмын хэрэглээний энгийн бүтээгдэхүүнээс эхлээд эрүүл мэнд, байгаль орчин, аюулгүй байдал, гээд маш өргөн хүрээг хамарч байдаг байна. Гэтэл манай иргэд стандарт гэж ярьдаг ч яг стандарт гэж юуг хэлээд байгаа талаарх ойлголт байдаггүй. Иймээс стандартын талаарх нэгдсэн ойлголтын талаар аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтсийн мэргэжилтэн Д.Тунгалагтуяатай ярилцаж тодрууллаа.
-”Стандарт” гэж чухам юу вэ, түүнтэй холбоотой харилцааг ямар хуулиар зохицуулдаг юм бэ?
-Стандарт болон түүнтэй холбоотой харилцаа "Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай" хуулиар зохицуулагддаг. Энэ хуулинд “стандарт гэж бүтээгдэхүүний үзүүлэлт, шаардлагын хэм хэмжээг зохих журмын дагуу сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж, эрх бүхий байгууллагаас баталсан норматив-техникийн баримт бичгийг" хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Тодруулбал стандарт гэдэг нь хэм хэмжээ, шаардлага тогтоосон баримт бичиг. Энэ нь бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны хангавал зохих наад захын жишиг хэм хэмжээ юм. Стандартыг шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн түвшин, практикийн ололтод тулгуурласан, олон улсын стандартыг үндэсний стандарт боловсруулахад үндэс суурь болгох зарчмыг баримталдаг.
-Стандартыг тэгвэл хэн хаанаас санаачлан, боловсруулдаг юм бол?
-Стандарт боловсруулах санал гаргах, стандартыг боловсруулах гэдэг нь хоёр тусдаа өөр өөр ажиллагаа юм. Стандарт боловсруулахын тулд хамгийн эхний үе шат нь санал дэвшүүлэх үе шат юм. Энэ үе шатанд стандартыг боловсруулах зайлшгүй шаардлагатай эсэхийг шийдвэрлэнэ. Дараагийн үе шат нь боловсруулах үе шат. Сонирхогч талууд стандартын төслийг боловсруулж, стандарт, хэмжил зүйн газарт төслөө ирүүлдэг. Сонирхогч талууд гэдэг нь иргэн, аж ахуйн нэгж, шинжлэх ухааны, төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод юм. Стандартыг хэн нэг байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэн дангаараа боловсруулдаггүй. Стандарт бол хамгийн нээлттэй, ил тод зарчмаар боловсруулдаг баримт бичиг. Стандартын төслийг стандартчиллын техникийн хороо хүлээн авч, шүүлт хийн, хэлэлцэж, батлуулах ажиллагааг зохион байгуулдаг. Өнөөдөр Стандарт хэмжилзүйн газрын дэргэд 44 салбарын техникийн хороод, дэд хороод орон тооны бус хэлбэрээр ажиллаж байна. Техникийн хороо тус бүр 10-16 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа.
-Тэгвэл Монгол Улсын стандартыг хэн баталдаг вэ?
-“Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуульд заасны дагуу Монгол Улсын стандартыг баталдаг эрх бүхий субьект нь Стандартчиллын үндэсний зөвлөл юм. Уг зөвлөлийг Засгийн газраас томилдог.
Дээр дурдсан зүйлсээ нэгтгээд энгийнээр тайлбарлах юм бол Монгол Улсын стандарт гэдэг нь сонирхогч тал боловсруулж, Стандарт, хэмжилзүйн газрын дэргэдэх тухайн салбарын техникийн хороо, Стандартчиллын үндэсний зөвлөлөөр дэмжигдэн батлагдсан MNS ... гэсэн дугаар бүхий баримт бичгийг хэлнэ.
-Тэгвэл орон нутгийн иргэд стандартыг хаанаас үзэж, танилцаж болох вэ?
-Монгол Улсын стандартыг мэдээлэх, стандартаар хангах үйл ажиллагааг хөдөө орон нутагт аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн стандартын мэдээлэл лавлагааны салбар сан хэрэгжүүлдэг. Тус мэдээлэл, лавлагааны салбар сан нь үндэсний болон олон улс, гадаад орны стандартын мэдээллээр олон нийтэд үйлчлэх, стандартаар хангах, байгууллагын стандарт боловсруулахад арга зүйн зөвлөгөө өгч, бүртгэх зэрэг ажлуудыг гүйцэтгэдэг. Түүнчлэн www.estandard.mn вэб хуудсаас түлхүүр үгээр, дугаараар, ангилалтын кодоор хайлт хийж стандартыг бүрэн эхээр нь үзэж танилцаж, шаардлагатай мэдээллээ авах боломжтой. Монгол Улсын стандарт MNS 5021:2007, MNS ISO 9001:2016 гэх мэт тэмдэглэгээтэй байдаг. Энд MNS Монгол Улсын стандартын товчилсон тэмдэглэгээ, 5021, 9001 гэдэг нь стандартын бүртгэлийн дугаар. 2007, 2016 гэдэг нь баталсан он.
-Монгол Улсын стандартаас гадна стандарт ямар төрлүүд байдаг вэ, тэдгээрийн талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
-Стандарт нь олон улсын, бүс нутгийн, үндэсний, байгууллагын гэх зэрэг төрөл байдаг. Олон улсын стандарт нь Олон улсын стандартчиллын хамтын нөхөрлөлийг бүрдүүлэгч Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU) , Олон улсын стандартчиллын байгууллага (ISO), Олон улсын цахилгаан техникийн комисс (IEC)-ын гишүүн орнуудын хүрээнд боловсруулж, зөвшилцсөн баримт бичиг юм. Бүс нутгийн стандарт гэдэг нь тухайн бүс нутгийн хэмжээнд оролцогч орнууд боловсруулж, зөвшилцсөн баримт бичиг юм. Үүний жишээ нь Европын стандарт юм. Европын Холбооны гишүүн орнуудын хооронд нэгдсэн нэг зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чөлөөт шилжилтийг бий болгоход нэгдсэн шаардлага тогтоох зорилгоор Европын стандартыг анх бий болгосон. Европын стандартыг CEN, ETSI, CEN-ELEC гэсэн төрөлжсөн гурван байгууллага боловсруулдаг. Үндэсний стандартын жишээг дурьдвал манай MNS, Оросын холбооны улсын ГОСТ, Хятадын GB, Солонгосын KS гэх, Японы JIS мэт тухайн улс орон үндэснийхээ түвшинд боловсруулан мөрдөж буй стандартууд байна. Үндэсний стандартад тусгагдаагүй үзүүлэлт, шаардлагад зохистой хэм хэмжээг илүү нарийвчлан тодорхойлох, үндэсний стандарттай уялдуулан  хөгжүүлэх боломжоор хангах зорилгоор байгууллагын стандартыг боловсруулдаг. Байгууллагын стандартыг тухайн байгууллага боловсруулж, дарга, захирлын тушаалаар батлан, манайд бүртгүүлэн хэрэглэдэг.
-Стандартын нийгэм, эдийн засагт өгөх ач холбогдлын талаар тодруулахгүй юу?
-Стандарт нь тогтвортой хөгжлийн гурван чиглэл болох байгаль орчин, эдийн засаг, нийгмийг шийдлүүдээр хангаж байна. Өөрөөр хэлбэл  Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хүрээнд бүх төрлийн нөөцийг зохистой зарцуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, нэгдмэл байдлыг бий болгох арга зүйгээр хангагч хэрэгсэл болж, стандарт тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Стандарт бидний өдөр тутмын хэрэглээний энгийн бүтээгдэхүүнээс эхлээд эрүүл мэнд, байгаль орчин, аюулгүй байдал, удирдлагын тогтолцоо, нийгмийн хариуцлага гээд маш өргөн хүрээг хамарч байдаг. Тухайлбал стандарт нийгэмд гэхэд удирдлагын тогтолцоны стандартууд болох ISO9001, ISO 22000, ISO14001, ISO27001, ISO39001, ISO50001 зэрэг стандартууд нь нийгэмд бүх салбарт хэрэгжиж байна. Түүнчлэн Нийгмийн хариуцлагын удирдамж MNS ISO26000-2012 стандарт батлагдсанаар тогтвортой байдалд хүрэхийн тулд нийгмийн хариуцлагыг хэрхэн хэрэгжүүлэх арга зүйгээр байгууллагуудыг хангаж байна. Уг стандартыг хэрэгжүүлснээр тухайн байгууллага нь нийгэм, хүний болон хөдөлмөрлөх эрх, байгаль орчин, хууль зүй, шударга ёс, улс төр, цаашлаад үндэсний болоод олон улсын хэмжээнд мөрдөж буй хэм хэмжээг сахин биелүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, тогтвортой байдлыг бий болгох боломжтой юм.
-Яагаад заавал стандарт хэрэгтэй юм бол. Стандартгүй бол юу болох бол?
-Мэдээж үйлдвэрлэл, худалдаанд эмх замбараагүй олон, өөр өөр шаардлагууд бий болж, бүтээгдэхүүний  харилцан  ололт, нэгдмэл байдал, аюулгүй байдал зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд маш төвөгтэй болно.  Энэ олон эмх замбараагүй шаардлагуудыг цэгцэлж, стандартын баримт бичиг болгон батлуулж, мөрдсөнөөр үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаан дахь саад тотгор багасана. 
Жил бүрийн 10 дугаар сарын 14-ны өдөр “Дэлхийн стандартын өдөр”-ийг Олон улсын стандартчиллын байгууллагаас уриа гарган тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 2017 оны стандартын өдрийг ”Стандарт хотуудыг илүү ухаалаг болгоно” уриатай тэмдэглэн өнгөрүүлсэн.  Стандарт нь хотуудын амьдралын бүх салаа мөчирт чухал хэм хэмжээг бий болгож, эрчим хүчний үр ашигтай барилга, ухаалаг тээвэр, хог хаягдлын менежментийг сайжруулах зэрэг олон арга зүйгээр хангаж байгааг хэлж болно. Стандарт нь мэргэшсэн мэдлэг арга туршлагыг агуулж бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, бүтээмжийн чанар,технологиудын харилцан уялдааг хангаж, хэрэглэгчийг хамгийн сайн, боломжтой шийдлийг харьцуулж сонголт хийхэд тусалдаг. Түүнчлэн стандарт нь бүтээгдэхүүн үйлчилгээний арвин их сонголт хийх үүд хаалгыг нээж, өрсөлдөөн өрнүүлж инновацийг дэмжихэд тусалдаг. Иймээс аливаа бизнесийн санаагаа хэрэгжүүлэхийн өмнө холбогдох стандартыг судлах нь учирч болох олон эрсдлээс хамгаалах ач холбогдолтой юм.

Б.Мягмарсүрэн

 
 

相关新闻