"Улаанбаатар өвлийн наадам-2018"-д сур, шагайн харваачид цэц мэргээ сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-01-24 12:01:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирэх хоёрдугаар сарын 3, 4-нд “Улаанбаатар өвлийн наадам-2018”-ыг зохион байгуулна.

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас тус наадамд Монгол хүн бүрийн үндэсний бахархал болсон дээл хувцсаараа гоёж өргөнөөр оролцохыг нийслэлчүүддээ уриаллаа. Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг НЗДТГ, НАЖГ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран жил бүрийн хоёрдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлахад чухал ач холбогдолтой.

Тус наадмын үеэр Монгол улсын өнцөг булан бүрийн сур болон шагай харваачид идэр есийн хүйтнийг үл ажран цэц мэргэнээ сорьж улсын аваргаа шалгаруулна. Энэ жилийн хувьд олон улсын хэмжээний наадам болж өргөжин хөрш хоёр орон болох БНХАУ болон ОХУ-ын сур харвааны тамирчид цэц мэргэнээ сорихоор хүрэлцэн ирэх юм.

Өвлийн наадмын үеэр урлагийн тоглолт, мөсөн сурын улсын аварга шалгаруулах тэмцээн, мөсөн шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн, регбигийн Улаанбаатарын аварга шалгаруулах тэмцээн, цанын сонирхогчийн тэмцээн, тэшүүрийн үзүүлбэр, снөүбоардын тэмцээн, мөсөн шатрын сонирхогчийн тэмцээн, мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн, мото мотоциклын үзэсгэлэн, үзүүлбэр, парад, Нохой чарганы үйлчилгээ, өвлийн дугуйны үйлчилгээ. гэр бүлийн буухиа тэмцээнүүд, параглайдингийн үзүүлбэр, олс таталтын тэмцээнийг тус тус зохион байгуулна.

Мөн хамгийн сайхан үндэсний хувцастай шилдэг хороо болон эрэгтэй, эмэгтэй болон гадаадын оролцогчийг шалгаруулах юм. Тэмцээн болон ивээн тэтгэгчдийн нийт шагналын сан 10 сая төгрөг бөгөөд наадамд ирсэн иргэд, жуулчид тэмцээн уралдаануудыг үзэж сонирхохоос гадна өөрсдийн биеэр оролцох боломжтой.

Д.Өлзий 
相关新闻