Ирэх хавар тарих улиасны мөчрийг өвөл бэлдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-01-24 09:26:36
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Сум дундын Ойн анги энэ оны хавар тарих улиасны модлог мөчрөө хамт олноороо явж бэлтгэлээ. Тус хамт олон нэг өдөр цэвэр агаарт гарч аялангаа, ирэх хаврын мод тарих аяны  бэлтгэлээ ийн эртнээс базааж байна. 
Ховд аймгийн 2016-2020 онд хэрэгжүүлэх Ойн менежмент төлөвлөгөөг "Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөл"-ийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн баталгаажуулжээ.
Ховд аймгийн сум дундын ойн анги хууль тогтоомжийг аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх, ойн санг хамгаалах ажлыг удирдан зохион байгуулж, ойн хортон, түймэртэй тэмцэх урьдчилан сэргийлэх, ойн мэдээллийн санг бүрдүүлэн ажиллаж байна.
Ойн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, мод бут тарих, арчлах, ургуулах талаар иргэдэд сургалт сурталчилгаа зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгдөг. Ойжуулалтын ажлыг гүйцэтгэх, ой хамгаалах иргэдийн нөхөрлөлийн ажилд дэмжлэг, жил бүр Ховд аймгийн хэмжээнд төрөл бүрийн мод, бутны үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг.
Ногоон үйлс дэлгэрүүлэх уриатай ажилладаг Ховд аймгийн Сум Дундын Ойн анги байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зөвхөн мод тарих өдөрт л гэхэд 300,0 мянга гаруй мод бут тарьсан байна.
                                                                                                              А.Бямбасүрэн
相关新闻