Х.Амгаланбаатар:Шатахууны борлуулалт хумигдсанаар иргэдийн амь насны асуудлыг ч хөндөх нөхцөл үүслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-01-23 15:56:01
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос шатахуун импортлогчид  зохиомол хомсдол үүсгэж, жирийн иргэдэд хүндрэл учруулж буй явдлыг иргэд болон төр засгийг шантаажилж буй хэлбэр гэж ойлгохоор байна хэмээн МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мэдэгдлээ.

Тэрээр ярихдаа, “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл” энэ сарын 18-нд хуралдаж тухайн асуудлаар ажлын хэсэг байгуулан, ажиллуулж тодорхой зөвлөмжийг Засгийн газарт, холбогдох компаниудад хандан хүргүүлсэн. Зөвлөмжийн дагуу шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд өргөн хэрэглээний бензиний А-80, АИ-92 үнийн тогтвортой байдлыг ханган ажиллахыг тохиролцсон. Гэвч сүүлийн өдрүүдэд шатахуун түгээх станцууд зохиомол хомсдол үүсгэх, олон цагаар урт дараалал үүсгэж иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Шатахуун импортлогчид дээрх зөвлөлд багтдаг. Тэд үнийн асуудлаар  зөвлөмж гаргасан нь хүлээн зөвшөөрсний баталгаа гэж харж байгаа Гэвч тэд А-80,  АИ-92  үнийг тогтвортой байлгах үүрэг хүлээсэн ч бодит байдал дээр борлуулалтын зохиомол хомсдол үүсгэлээ.


 Өчигдөр УИХ дээр Монгол Улс 45 хоногийн нөөцтэй гэж байсан. Тэгэхээр зохиомол хомсдол үүсгэж буйн илрэл юм. Мөн өндөр үнэтэй бензинээ борлуулах сонирхолтой байгаа нь нууц биш гэдгийг иргэд хэлж байна. Өнөөдөр хэрэглэгчийн эрх ашиг ноцтой зөрчигдөх болов. Тиймээс МҮЭХ Засгийн газарт,  Ерөнхий сайдад холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад анхаарч ажиллахыг шаардаж байна.  Манай холбоо Үнэ  бүрдэлтийн тухай хууль болон Худалдааны тухай хуулийг яаралтай боловсруулж батлахыг удаа дараа үе, үеийн УИХ-ын гишүүдэд тавьсан. Гэтэл үүнийг авч хэлэлцээгүй. Үнэндээ дээрх хуулиудыг баталчихвал Монгол Улс  зохиомол болон үнийн хөөрөгдлөөс ангижирна. Батлахгүй байгаагийн гол шалтгаан нь бараа бүтээгдэхүүн борлуулдаг том компаниудын эрхшээлд улс төрчид байгааг илтгэж буй хэрэг юм. Шатахууны  борлуулалт хумигдсанаар   иргэдийн амь насны асуудлыг ч хөндөхөөр байгаа. Хүйтэрч буй энэ үед орон нутаг руу явахад  шатахуунгүй болвол яах вэ. Энэ бол тоглоом биш. Өнөөдөр нийслэлийн авто зам дээр шатахуунгүй болсон машинууд олширлоо. Үүнд төр засгийн удирдлагууд ямар хариулт өгөх вэ. Барилгын салбарт гэхэд хаврын материал таталтаа зогсоогоод байгаагаа бидэнд мэдэгдлээ. Үйлдвэрлэлийн салбарын тээвэрлэлтэд аль хэдийн нөлөөлөөд эхэлчихлээ. 45 хоногийн шатахууны нөөц бол сарын хэрэглээ. Гэтэл ШТС-ууд нөөц байсаар байхад хиймэл хомсдол үүсгэж буйг ойлгохгүй байна” гэв.
Б.Заяа
相关新闻