Хүүхдийн хөгжил, хамгааллыг анги удирдсан багш нараас эхлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-01-21 21:40:50
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд анги удирдсан багш нарын зөвлөлгөөнийг анх удаа зохион байгууллаа. 2018 оныг “Хүүхэд хөгжил, хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан аймгийн удирдлагуудаас анги удирдсан багш нартай зөвлөлдөж, хийж хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг өгсөн юм.
Хүүхэд, сурагчидтай хамгийн ойр ажилладгийн хувьд анги удирдсан багш нарыг харилцаа хандлага, зан байдалдаа өөрчлөлт хийж, өөрийгөө бүхий л дэвшилтэт байдлаар хөгжүүлэх, анги гэсэн ойлголтыг чухалчлах, сурагч бүрээ таньж мэдэхэд анхаарч ажиллахыг аймгийн БСУГ-ын газрын дарга Ж.Пүрэвсүрэн илтгэлдээ дурдлаа. Мөн ИТХ-ын дарга А.Ишдорж “Өндөр боловсрол хүнийг сайн хүн болгодог гэх ойлголт өрөөсгөл” гэдгийг хэлж, хүүхдийн хүмүүжилд анхаарах байдлаа уралдаан тэмцээнээр орлуулж байгааг буруушаав. Мөн бага насны хүүхдэд фэйсбүүкийн хаяг нээж өгөх, 18 хүрээгүй хүүхдэд мотоцикль худалдаж авч өгөх зэргээр багаас нь буруу хүмүүжүүлж байгаа байдлыг таслан зогсооход анги удирдсан багш нарын оролцоо чухал болохыг хэллээ.
Түүнчлэн аймгийн Засаг дарга Г.Ганболд хэлэхдээ “Өвөрхангай аймгийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалт, спорт, урлагийн уралдаан тэмцээнд үргэлж дээгүүр байр эзлэн өөрийнхөө төдийгүй сургууль, аймгийнхаа нэрийг алдаршуулж байгаа ч нөгөө талаар хүүхэд оролцсон болон хохирсон гэмт хэрэг, жирэмслэлт, үр хөндөлт, өсч байгаа нь хүүхдийн хүмүүжил, төлөвшилд илүү анхаарах шаардлагатайг  харуулж байна” гээд зорилтот жилийн хүрээнд хүүхдийн сурлага, авъяасаас илүү хөгжил, хамгаалалд анхаарна гэв.
Зөвлөлгөөний үеэр ахмад багш нар санал бодлоо илэрхийлсэн бөгөөд “Хүүхэд аав, ээждээ хэлэхгүй үгээ багшдаа хэлдэг учраас сурагчдадаа чин сэтгэлээсээ хандах, хүүхдээр дамжуулж хамт олонд нь болон нийгэмд нөлөөллийн ажил хийх зэрэг зөвлөгөөг өглөө. Мөн хүүхдийн Үдийн цай нь хүүхдэд биш хүүхдийн хоол нийлүүлдэг байгууллагад хоол болж байгаа, багш нарын сургалт семинар ихдэж, хүүхдийн уралдаан тэмцээний медаль, шагналд их төсөв зарцуулж байгааг болон хүүхдийн амралт ихдэж, хичээл жигдэрч чадахгүй байгаа талаар шүүмжиллээ. Зөвлөлгөөний төгсгөлд уриалга гаргаж, хүүхдийн хөгжил, хамгааллын төлөө хамтдаа зүтгэхээ илэрхийлцгээв.
Өвөрхангай аймгийн 30 сургуульд 1318 багш сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа явуулж байгаагаас 793 багш анги удирддаг байна.
Б.Батчимэг
相关新闻