Цагаан идээг зах зээлийн үнээс хямд борлуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Улиастайд цагаан сарыг угтаж томоохон хоёр үйлчилгээний газар Их-Уул сумын цагаан идээний төрөлжсөн худалдаа явагдаж байна. Төрөлжсөн худалдаанд малчдын өөрсдийн гараар борлуулсан бүтээгдэхүүн зах зээлийн үнээс даруй 200-500 төгрөгөөр хямд байна.
Энд сарлагийн түүхий сүү литр нь 2800 төгрөг байгаа бол Улиастайд 3000 төгрөг байна. Харин ааруул болон зөөхий, өрмийг гурваас дээш кг-аар авах бол үндсэн үнэ 10000-10500 төгрөгөөр худалдаж авах боломжтой байна. Түүнчлэн гэрийн модон тавилга, жимс жимсгэнэ, монгол болон буриад гутлын худалдаа явагдаж байна. Үзэсгэлэн худалдаа гурав хоног үргэлжлэх бөгөөд цагаан идээг ченж нарын үнээр бус малчдын гар дээрээс худалдан авснаар бэлэн мөнгөний хомсдолд байгаа малчдад хөрөнгө оруулалт оруулах боломжтой юм байна.
Дашрамд Их-Уул сум 6000 гаруй хүн амтай томоохон сум бөгөөд жижиг дунд үйлдвэрлэлээрээ аймагтаа тэргүүлж байна. Тус сумд сүү цагаан идээний үйлдвэрлэл худалдаа, жимс жимсгэнэ, мод модон бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 120 гаруй жижиг дунд үйлдвэрлэгч бий. Сумын эдийн засгийн үндсэн салбар бэлчээрийн мал аж ахуй бөгөөд малынхаа ашиг шимийг борлуусан малчдын бүтээгдэхүүнийг аймгийнхаа 24 суманд үзэсгэлэн худалдаа зохион байгуулах журмаар борлуулдаг ажээ.
Б.Мягмарсүрэн