"Цалинтай ээж" хөтөлбөрт хамрагдахаар 2755 иргэн бүртгүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд олгох мөнгөн тэтгэмжид 29 иргэн хүсэлт ирүүлжээ. Харин "Цалинтай ээж" хөтөлбөрт хамрагдахаар аймгийн хэмжээнд 2755 иргэн бүртгүүлсэн байна.
Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд улирал болгон 240 мянган төгрөг олгохоор болсон билээ. Энэ тэтгэмжид хамрагдах хүсэлтэй иргэд оршин суугаа газрынхаа аймаг, сумын халамжийн ажилтанд өөрийнхөө тэтгэмжид хамрагдах хүсэлт, орон нутагт оршин суудаг бол Засаг даргын тодорхойлолтыг хавсарган бүрдүүлж өгнө. Эхнэр болон нөхрийнхөө аль нэг нь нас барсан эсвэл, шүүхээр эцэг, эх байх эрхийг нь хязгаарласан шийдвэрийг хавсаргах ёстой бөгөөд өөрийн оршин суугаа сум хорооны халамжийн ажилтанд дээрх материалыг өгөх юм байна. Хуулийн хэрэгжилт энэ сарын эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд иргэд дээрх материалаа бүрдүүлж бүртгүүлснээр тэтгэмжид хамрагдах боломжтой ажээ. Мөн тэтгэмжийг улиралд нэг удаа олгох бөгөөд эхнийх нь гуравдугаар сараас эхлэн олгож эхлэх ажээ. Харин ихэр хүүхдийн тэтгэмжийг хүүхэд тус бүр сая төгрөг авах бөгөөд гурав буюу түүнээс дээш ихэр хүүхдэд хүүхэд тус бүрт гурван сая олгоно. Жишээлбэл хоёр ихэр хүүхэд төрөхөд тухайн айл хоёр сая төгрөг авах юм байна. Хэрэв гурван ихэр хүүхэдтэй болбол есөн сая төгрөг авах ажээ. Энэ тэтгэмжид хамрагдах хүсэлтэй эх нь оршин суугаа газрынхаа сум хороо, дүүргийн халамжийн ажилтанд өөрийнхөө тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргана. Орон нутагт оршин суудаг бол Засаг даргын тодорхойлолтыг хавсарган бүрдүүлж өгөх ажээ. Мөн 0-3 насны хүүхдээ гэртээ асарч буй эхэд сар бүр 50 мянган төгрөг өгөх бөгөөд тэтгэмжийг сар бүрийн 20-нд олгохоор болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-т заасны дагуу “хүүхэд асрах чөлөөтэй” гэсэн тушаалын хуулбараа авчирч өгөх хэрэгтэй. Хүүхэд нь 0-3 насных байлаа ч ажилдаа орсон ээжүүдэд энэхүү тэтгэмж хамаарахгүй. Харин ажил эрхэлдэггүй эхчүүдийн хувьд тийм зүйл шаардлагагүй хэмээн аймгийн ХХҮГ-ын мэргэжилтэн мэдээлэв.
Б.Мягмарсүрэн