Энэ онд аймгийн төсвийн 80 хувийг хүүхдийн хөгжил, хамгаалалд зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-01-19 18:05:58
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 2017 оны 05 дугаар тогтоолоор Өвөрхангай аймагт 2018 оныг “Хүүхэд хөгжил, хамгаалын жил” болгон зарласан бөгөөд нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд аймаг, сумдын болон сургуулийн удирдлага, нийгмийн ажилтнууд, хүүхдийн эрхийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцож, зорилтот жилийн үндэслэл, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл, илтгэлүүдийг сонссон юм.
2017 оны байдлаар аймгийн хэмжээнд 60 хүүхэд осол гэмтэлд өртсөний дотор 19 хүүхэд харамсалтайгаар амь насаа алдсан, тухайлбал зам тээврийн осол-8, уналт-2, усанд унаж, живсэн-1, амьсгал боогдох-5, амиа хорлох-2, байгалийн гамшигт өртсөн-1 тохиолдол байгааг аймгийн Засаг дарга Г.Ганболд нээлтийн үеэр хэллээ. Мөн хүүхэд оролцсон гэмт хэргийн тоо өнгөрсөн оноос буурсан үзүүлэлттэй боловч хохирогч хүүхдийн тоо нэмэгдэж, өнгөрсөн онд 44 хүүхэд хохирсон, охидын жирэмслэлт, төрөлт, бэлгийн замаар дамжих халдвар жилээс жилд нэмэгдэх хандлагатай болж, насанд хүрээгүй охидын төрөлт 106, үр хөндөлт 27 байгаа зэрэг нь хүүхдийн асуудалд анхаарал хандуулж, тэдэнд чиглэсэн үйл ажиллагааг нэн яралатй зохион байгуулах шаардлагатай болсныг дурдав.
Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж “Уралдаан, тэмцээн хийх, хэдэн зурагтай, цаасан тайлантай даржин ажил” хийхгүй байхыг сануулж, хүүхдийн дунд дэлгэрч байгаа үе тэнгийнхний дарамт, дэлгэцийн донтолт, жирэмслэлт, гэмт хэргийн золиос болж буй олон шалтгаан нөхцлийг сайтар тогтоон эх үүсвэрээр нь эмчлэн эрүүлжүүлэхийг хүслээ.

Аймгийн Засаг даргын 2018 оны А/04 дүгээр захирамжаар зорилтот жилийн ажлын хэсгийг байгуулж, 4 бүлэг, 51 арга хэмжээ бүхий төлөвлөгөөг боловсруулан гаргасныг Засаг даргын орлогч О.Батжаргал танилцуулсан юм. “Хүүхэд хөгжил, хамгаалын жил”-ийн хүрээнд сум, аймгийн хэмжээнд хүүхдийн нэгдсэн чуулган хийх, хүүхдэд ээлтэй сум, байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүлийг шалгаруулах, сургууль, цэцэрлэг бүрийг орон тооны эмчтэй болгож, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, өсвөр насны охид хөвгүүдийг сар бүр үзлэг шинжилгээнд тогтмол хамруулах, дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулж, зарим хэсгийг камержуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамгаалж, хөгжүүлж, чадавхижуулах чиглэлээр ажиллах, хүүхдийн урлаг спортын наадмыг зохион байгуулах зэрэг олон үйл ажиллагааг төлөвлөжээ. Түүнчлэн спорт заалууд, Хүүхэд, залуучуудын ордонг барьж, 11 сард ашиглалтанд оруулах ба Хүүхдийн урлаг, спортын их наадмыг зохион байгуулах юм.
2018 оны аймгийн төсвийн 80 хувийг хүүхдийн хөгжил, хамгаалалд зориулж байгаа бөгөөд хүүхдийн авъяас чадавхийг хөгжүүлэхээс илүү хүн болгож хүмүүжүүлэхэд голлон анхаарна гэдгийг аймгийн Засаг дарга хэлж байв.
Б.Батчимэг
相关新闻