Сагсанбөмбөгийн U18 насны УАШТ амжилттай болж, шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-01-19 13:08:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний сасанбөмбөгийн холбоо /МҮСБХ/-ноос Отгонтэнгэр сургуулийн нэрэмжит U18 насны УАШТ-ийг энэ сарын 15-19-нд амжилттай зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа.

Энэ тэмцээнд хот, хөдөө орон нутгийн эрэгтэй 26, эмэгтэй 10 багийн 500 гаруй тамирчид оролцлоо. Тэмцээний тоглолт бүр маш өрсөлдөөнтэй болж эрэгтэй сагсанбөмбөгчдийн аварга багаар Б.Үүрдсайхан дасгалжуулагчтай Багануур ST баг шалгарсан бол дэд аваргаар Д.Лхагваа дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор сургуулийн баг, хүрэл медалийн эздээр Баттогтох дасгалжуулагчтай Говьсүмбэр аймгийн баг тус тус тодорлоо.



Харин эмэгтэй төрөлд Гэрэлт-Од дасгалжуулагчтай ХУД-ийн 52 дугаар сургуулийн баг аварга болсон бол дэд аваргаар Б.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай БГД-ийн баг шалгарч хүрэл медалыг ОУХМ Д.Гүржав дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн баг тамирчид хүртлээ. Эрэгтэй шилдэг тоглогчоор Багануур ST багийн тоглогч М.Өлзий-Орших, эмэгтэй шилдэг тоглогчоор ХУд-ийн тоглогч Цэлмэг тодорлоо.

Эрэгтэй, эмэгтэй шилдэг тоглогчдод Отгонтэнгэр их сургууль үнэгүй сурах эрхийн бичгийг гардуулав. Мөн ХУД-ийн багийн тоглогч Булганд сургуульдаа үнэгүй сурах эрхийн бичгээр шагнасан юм. Тэмцээнд сайн тоглолтыг үзүүлсэн тоглогчдоос шилдэг гарааны таван тоглогчийг нэрлэн алдаршууллаа. Тодруулбал, Эрэгтэй шилдэг төвийн тоглогчоор Завхан аймгийн тоглогч Батзаяа, хүчний тоглогчоор Багануур ST багийн тоглогч Ихбаяр, довтлон тоглогчоор Ирээдүй цогцолбор сургуулийн тоглогч Мөнхтөр, хамгаалан тоглогчоор Говьсүмбэр аймгийн багийн тоглогч Мөнх-Оргил, холбон тоглогчоор Ирээдүй цогцолбор сургуулийн тоглогч Дашравдан нарыг нэрлэжээ.



Харин эмэгтэй шилдэг төвийн тоглогчоор Хан-Уул дүүргийн тоглогч Булган, шилдэг хүчний тоглогчоор Дархан-Уул аймгийн тоглогч Р.Эрдэнэ-Од, шилдэг довтлон тоглогчоор Баянгол дүүргийн тоглогч Э.Гэрэлмаа, шилдэг хамгаалан тоглогчоор Дархан-Уул аймгийн тоглогч С.Болортуяа, шилдэг холбогчоор Д.Анужины нэр тус тус өргөмжлөгдлөө.



Тэмцээний шилдэг дасгалжуулагчдаар Багануур ST багийн дасгалжуулагч Б.Үүрдсайхан, Ирээдүй цогцолбор сургуулийн дасгалжуулагч Д.Лхагваа, Хан-Уул дүүргийн дасгалжуулагч Гэрэлт-Од, Говьсүмбэр аймгийн багийн дасгалжуулагч Баттогтох, Баянгол дүүргийн багийн дасгалжуулагч Б.Пүрэвсүрэн, Дархан-Уул аймгийн дасгалжуулагч Д.Гүржав нарыг тодруулсан байна.

Д.Өлзий
相关新闻