Өвөлжилт хүндэрч болзошгүй 20 баг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-01-19 13:06:31
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч болзошгүй 20 баг байгаа нь нийт нутгийн 34 хувийг эзэлж байна.
Тус аймгийн хэмжээнд 2017 оны эцсийн мал тооллогоор 2654,4 мян толгой мал тоологдож өмнөх оныхоос 340,5 мянган толгойгоор өссөн дүнтэй байгаа билээ. Аймгийн нийт нутгийн бэлчээрийн даац 20 хувь нь хүрэлцээтэй, 20 хувь нь дунд зэрэг, 60 хувь тааруу байгаагийн улмаас малчид отор нүүдлээр явж байна. Нийт нутгаар бага зэргийн цасан бүрхүүлтэй байгаа бөгөөд нийт нутгийн 34 хувьд өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа ажээ. Одоогоор малын хорогдол 91 гараад байгаа бөгөөд хорогдсон мал бүгд ямаа юм байна.
Өөр аймгийн нутагт 46 өрхийн 31,5 мянган толгой мал, үүнээс 4,6 мянган бод, 26,9 мянган бог мал, өөрийн аймгийн бусад сумдад 263 өрхийн 144,8 мянган мал, үүнээс бод 12,6 мянган толгой, бог 132,1 мянган толгой оторлож явна. Эдгээр малчин өрх нь орон нутагтаа эргэн ирж өвөлжих боломжгүй байгаа юм. Мөн хилийн зурваст зургаан сумын 233 өрхийн 108,8 мянган мал, улсын тусгай хэрэгцээний 6 сумын 604 өрхийн 306,5 мянган мал орж өвөлжиж хаваржина гэж аймгийн ХХААГазраас мэдээллээ.
Д.Мишигсүрэн
相关新闻