Ээжийн зэхсэн мөнгөн зүүний мяндсан учгийг зөв сүвлэж яваа залуу

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2018-01-18 16:57:27
Дундговь /МОНЦАМЭ/ Мандалговьд болсон нэгэн уралдаанаар хатан ухаант уран хатгамалч эрхэмсэг хүүхнүүдийн дунд сууж байгаа нэгэн залуу анхаарал татсан юм. Энэ залуу нь Ганболдын Отгонбямба.  Дундговь аймагтаа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг мужааны мэргэжлээр төгсөж, цэргийн алба хаан эр бие тэгширч ид хийж бүтээх насандаа яваа энэ залуу оёдол, тэгэхдээ бүр зүү ороох уламжлалт уран хатгамлын урлагийг сонгосон нь гайхшруулсан байна. Есөн хүүхэдтэй айлын отгон нь болох  Отгонбямбатай ярилцлаа.
-Зүү ороон хатгамал урлах санаа яаж төрөв. Тэс өөр мэргэжлийн хүн байна шүү дээ?
-Миний ээж Дамдинжавын Цэвээнжав тус аймгийн Луус сумын уугуул, дунд сургууль төгсөөд насаараа  малчин явсан хүн. Ээж минь үйлэнд урнаараа нутаг усандаа гайхагддаг. Одоо ч хэн хүний хувцас хунар оёод л гэртээ сууж байна. Анх бага ангийн номон дээрээс даалингийн зураг харчихаад л “Ээжээ би үүнийг оёмоор байна. Ээж утас, торго өг” гэсэн чинь ээж  “Чи яаж чаддаг юм” гэсэн. Гэхдээ би янз бүрийн зураг зурсаар, оёсоор байгаад дуусгасан. Дуусгаад хүргэн ахдаа бэлэглэсэн чинь гайхацгаасан. Би чинь мужааны мэргэжлийг дөрөвдүгээр зэрэгтэй эзэмшсэн хүн шүү дээ. Мужааныхаа хувьд ч хүнээс дор орохгүй. Анх оёсон хийснээ авч очоод үзэсгэлэн дээр суух гэхээр ичээд ээжийгээ суулгачихдаг байсан. Хүмүүс үзээд ээжээс хүү чинь хаана байна, уулзъя гээд шалгаадаг гэсэн. Хүүхнүүдийн хийдэг ажил гэж санагдаад анхандаа хүмүүсээс ичдэг байсан л даа. Харин уралдаанд хэд шалгараад, хот руу хурал зөвлөлгөөнд оролцоод ирэхээрээ өөр болж, одоо юм юманд өөрөө явдаг болсон.
-Одоо тэгээд юү юү урлаж байна даа?
-Есөн хүүхэдтэй өнөр гэр бүлд бужигнаж өссөн болохоор гэр орныхоо авдар, шүүгээ, сандал, ширээг гар багажаар хийчихнэ. Зүү ороон даалин, оймсны хараа урлана. Зүү ороох  нь уйгагүй хөдөлмөр, тэвчээр, оюуны санааны төвлөрөл, ур ухаан, цаг хугацаа шаардсан урлал юм. Уран хатгамлын аймгийн уралдаанд сум сумаас шалгаран ирсэн хорь гучин үйлчин хүүхнүүдийг ардаа орхин хоёр ч уралдааны гран-при шагналыг хүртсэн. Уран хатгамлыг дэмжих “Эгнэшгүй санаа” төвийн тэргүүн З.Цэнгэлсайхан миний урласан даалингуудын зургийг өөрийн туурвисан “Уран хатгамлын гайхамшиг” номондоо онцлон оруулсныг бодоход улсын хэмжээний уран хатгамалчидтай өрсөлдөх хэмжээний үйлчин, уран хатгамалч боллоо гэж үзсэн юм болов уу.  2016 онд  болсон уралдаанд уригдан ирсэн Цэнгэлсайхан багш өмнөх уралдаанд оролцсон бүтээл дээр өгсөн зөвлөгөөг сайн тусгаж ур чадвар өссөн гэж онцолж байлаа.     Ахуйн үйлчилгээний тэргүүний ажилтны улсын зөвлөлгөөнд оролцож “Ахуйн үйлчилгээний тэргүүний ажилтан” цол хүртсэн нь урам нэмсэн. 

-Багш чинь юү гэж зөвлөв?
-Соёлын энэ  төрлийн ховор нандин биет бус өвийг тээгч нар хорвоогийн жамаар биднийг орхин одсоор байгаа болохоор  тэдний халааг аван тэр чухал өвийг тээх нь чухал. Тиймээс чиний энэ хөдөлмөр маш их ирээдүйтэй. Ер нь эмэгтэйчүүдийн ур ухаан л оёдол, хатгамлын төрөлд шингэн уламжлагдсаар ирсэн, бараг хүний нийгмийн  байгалиас заяасан гэж болох хөдөлмөрийн хуваарийг чи эвдэн гарч ирлээ. Энэ урлалаа орхиж л болохгүй гэж захьсан.
-Чухам яагаад оёдол, тэгэхдээ бүр уран хатгамал, зүү ороох төрлийг сонгосноо эргэцүүлэн бодож үзсэн үү?
-Санаандгүй оёж эхэлсэн чинь сүүлдээ миний хобби болчихсон. Ер нь өөрөөс шалтгаалах ажил юм. Өөр ажил хийнэ гэхээр ямар ч хүмүүстэй ажиллах билээ. Хүн янз бүрийн ааш араншинтай болохоор тэр болгонд зохицож ажиллах түвэгтэй санагдсан. Тиймээс үе дамжин хэрэглэгдсээр ирсэн ч сүүлд нэлээд мартагдаж байсан  зүүн ороох, зоосон ширээ зэрэг уран хатгамлын арга зүйг сэргээн эзэмших нь өнөөгийн залуу хүний хувьд хойч үеийнхийхээ өмнө хүлээх хариуцлага юм. Энэ  өв уламжлалын тасалдлыг бид сэргээхгүй бол хэн сэргээх юм бэ гэж бодогдсон шүү. Уламжлалт зоосон сүлжээ хийхээр ширээг хийчихлээ. Зүгээр л олон хээ биш уламжлалт зураг их сонирхох юм. Оёхын тулд түүхийн ном уншиж санаа авах хэрэгтэй юм билээ. Зүгээр л нэг хээ угалз оёод байдаггүй, даалингийн нэг талд аймгийнхаа сүлдийг битүү зүү ороон оёсон бол нөгөө тал дээр нь аймгийнхаа газрын зургийг өнгө ялган мэтгэх гэх мэтээр янз бүрээр сэтгэж урладаг.  Дээлээ өөрөө оёдог. Ер нь өөрийн өмсөх бүх хувцсаа хүний царай харахгүй оёчихно. Өөр хүний оёсон хувцас аль нэг талаараа санаанд нийцэхгүй.
Одоо “Зоосон сүлжээ” хатгамалд өөрийгөө сорихоор шийдэж “Зоосон сүлжээ”-ний ширээг өөрөө хийж бэлдсэн. Нэгэнт мэргэжлийн мужаан болохоор тэр бүхэнд түүртсэнгүй. "Зоосон сүлжээ" хатгамал нь ихэс дээдэс, ноёд хатдын эдлэл хэрэглэл, гутал хувцсан дээр хийдэг хатгамлын арга болохоор илүү нарийн ур, их хөдөлмөр  шаардах юм байна.
Г.Отгонбямба бид хоёр ийн ярилцлаа. Ид эр бие жагссан залуу гэрээс гарахгүй үйл мэтгэн өвөржин сууж шөнө орой  болтол хурц гэрэл асаан тэр л дурлаж сонирхсон уран хатгамал, оёдлын ажлаа үргэлжлүүлнэ гэдэг их тэвчээр, уйгагүй хөдөлмөр санагдана. 

Отгонбямбаас утасны нь дугаарыг авах гэтэл “Би гар утас барьдаггүй” гэхээр гайхлаа. Зүү ороон оёсон нэг даалин нь л гэхэд нэг сая төгрөг хүрэх орлоготой оёдолчин эр гар утасгүй гэхэд нэг л итгэж өгөлгүй лавлавал “Гар утас лайтай юм билээ” гэнэ. Түүнд цаг хором бүхэн алт юм билээ.
Ёстой л “Ээжийн зэхсэн мөнгөн зүүний мяндсан учгийг зөв сүвлэж” үйл мэтгэн урлаж яваа Ганболдын Отгонбямба гэх энэ залуу Монголын уран хатгамалчдын эгнээнд эрэгтэй хүнийхээ хувьд нэгэн шинэ өнгө аяс нэмж байна.
 
 
  С.Пүрэвсүрэн
 
相关新闻