Өвөрхангайн малчдад 1900 тн хивэг, 1750 тн хорголжин тэжээл, 320 тн овъёос импортоор нийлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-01-18 10:36:25
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт таван компани гэрээ байгуулан ОХУ-аас хивэг, овъёос, хорголжин тэжээл импортлон малчдад нийлүүлж байна.
Туртелком ХХК нэг тэрбум, Архалиун цамхаг ХХК 750 сая, Ондилт ХХК 500 сая, Пепмайнд ХХК 300 сая, Борбанди ХХК 190 сая төгрөгөөр гэрээ байгуулж,  нийт 1900 тонн хивэг, 1750 тонн хорголжин тэжээл, 320 тонн овъёос импортлон малчдад нийлүүлэхээр болжээ.
Өнөөдрийн байдлаар Ондилт ХХК 168 тонн хивэг, 55 тонн хорголжин, Борбанди ХХК 59 тонн хивэг, 4 тонн хорголжин оруулж, малчдад нэг тонн хивгийг 394120, хорголжин тэжээлийг 438709, овъёосыг 477620 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс 12 хувиар хямд үнээр нийлүүлж байна.
Энэ жилийн өвөл, хаврыг өнтэй давж, малаа онд оруулахад 51 мянган тонн өвс, тэжээл улсын хэмжээнд дутагдаж байна гэх судалгааг ХХААХҮЯ-аас гаргасан. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд ОХУ-аас хөнгөлөлттэй үнэ бүхий тэжээлийг импортлохоор болж, 34 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулаад байгаа юм.
Б.Батчимэг
相关新闻