Дундговь аймаг "Бөөр орлуулах" хоёр аппарат ашиглаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2018-01-17 15:22:17
Дундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт "Бөөр орлуулах" аппаратыг хосоор нь суурилуулан ашиглаж эхэллээ. Ингэснээр  "Бөөр орлуулах буюу гемодиализийн эмчилгээ"-нд эднийх хүний гар харахааргүй болов. 
Ийм аппаратаар эмчлэх шаардлагатай өвчтөнийг Улаанбаатарын нэгдсэн төв эмнэлэг эсвэл хөрш Өмнөговь аймаг руу хүргэх гэж эмнэлгийн байгууллага, өвчтөн хоёрын аль алинд учирч байсан зардал чирэгдэл энэ өдрөөс эхлэн ариллаа. Энэ дагалдах тоног төхөөрөмжийн хамт иж бүрэн хоёр аппарат бүхий  кабинетыг тохижуулах эх үүсвэр шийдэгдсэн байна. 
АНУ-ын Вашингтон DC хотын ахлах сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол сурагч Юндэнгийн Дөлгөөн, Даваабаярын Дөлгөөн гэж ижил нэртэй хоёр хүүхэд хүн амын эрүүл мэндийг дэмжих "Гүмүда" төслийг санаачлан хандивын аян өрнүүлэн цугларсан хөрөнгөөр нэг аппаратыг шийдвэрлэсэн бол Монгол Улсад тарилгын шингэн, эмийн бодис үйлдвэрлэдэг “Айвико” ХХК өөрийн хөрөнгөөр нөгөө нэг аппаратыг авч  ирүүлснээр ийнхүү хоёр аппаратаар зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх сайхан боломж нээгджээ. 
Дундговь аймагт өнөөдрийн байдлаар бөөр орлуулах эмчилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай долоон өвчтөн, хяналтанд 23 өвчтөн байна. 
Орон нутагт иргэддээ эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэн хүн амын эрүүл мэндийг дэмжин хөрөнгө оруулалт хийсэн “Айвико” ХХК-нийн төлөөлөл Н.Халиун “Энэ бол Дундговь аймагт төдийгүй  Монголын хүн ардын эрүүл мэндэд оруулж буй хөрөнгө оруулалт гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
-Бөөрний гемодиализийн эмчилгээг орон нутагтаа хийдэг болохын тулд аймгийн Засаг дарга болон Эрүүл мэндийн байгууллага бүтэн жилийн өмнөөс хөөцөлдөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус аппаратны нэг хэсэг болох ус шүүх тоног төхөөрөмжийг 30 сая төгрөгөөр авчирч суурилуулан энэ төрлийн  эмчилгээ хийх багт оролцох нэг эмч, хоёр сувилагч, нэг техникчийг мэргэшүүлэх сургалтад хамруулсан. Өвчтөнөөс эмчилгээ хийх үед шаардлагатай нэг гуурсны үнээс өөр зардал гарахгүй, бүгдийг эмнэлгийн байгууллага хариуцна гэж Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Жаргал ярилаа 
 
С.Пүрэвсүрэн
 
相关新闻